Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “НЭГ УЛС-НЭГ СТАНДАРТ” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгаж, нийт 33 салбарын үйл ажиллагаанд стандартыг шинээр нэвтрүүлэн Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулахаар зорьж байна.
Манай улсын хувьд өндөр стандарт мөрдөх нь зөвхөн хуульд нийцүүлэх үйлдэл бус харин чанартай амьдралын хэв маягийг бий болгох, бизнесийн орчинд итгэлцэл нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын ил тод байдал, үр ашигтай үйл ажиллагааг дэмжихтэй шууд холбоотой юм.

2025 оны 2 дугаар сарын байдлаар үндэсний стандартын 44.8 хувь нь олон улсын түвшинд хүрсэн хэдий ч хэрэгжилт асар хангалтгүй байна. Тухайлбал, Барилгын салбарт 655, хүнсний салбарт 645, эрүүл мэндийн салбарт 744 стандарт мөрдөгдөж байгаа ч эдгээрийн дийлэнх нь шинэчлэгдэх шаардлагатай байна. Тиймээс “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийг шинэчлэн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
Хуулийн шинэчилсэн найруулгаар Стандартын эрх зүйн орчныг сайжруулах, Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, Хяналт, үнэлгээний системийг сайжруулах замаар Стандартын хэрэгжилтийн үр дүнг хэмжиж, аюулгүй байдал, чанар, итгэлцлийг дээшлүүлэхэд чиглүүлэх, Стандарт хэмжил зүйн салбарын мэргэжилтэн боловсон хүчнийг бэлтгэх, Стандарт хэмжил зүйн салбар, үндэсний лабораториудын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм.

Стандартын гол ач холбогдол нь зөвхөн хууль эрх зүйн хүрээнд биш, харин өдөр тутмын амьдралд хэрхэн хэвшүүлж байгаад оршино. Өөрөөр хэлбэл, стандарт нийгмийн сэтгэлгээнд гүн гүнзгий шингэж амьдралын дадал, нийгмийн шаардлага, ажил үйлчилгээ харилцааны соёл болсон цагт улс зөв хөгжинө. Бидний оршин буй нийгмийн соёл, аюулгүй байдал, та бидний ая тухтай, чанартай амьдралын үндэс суурь бол стандарт юм.
Түүнчлэн стандартыг “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого” “Шинэ хоршоо хөдөлгөөн”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод” зэрэг хөдөлгөөнтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
