Нүүр хуудасМэдээШахмал түлш хадгалах 86 агуулахад 92,000 тонн түлш хадгалагдаж байна

Шахмал түлш хадгалах 86 агуулахад 92,000 тонн түлш хадгалагдаж байна

Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье аяныг улсын хэмжээнд нэг сарын хугацаанд зохион байгуулахаар болжээ. Тус аяныг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр мэдээлэл хийв.

Энэ үеэр Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо (ОББҮХ) нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Алтанзул “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, орон гэрээ дулаалж яндангаа хөөлөх, зуухны битүүмжлэлийг сайжруулах, зориулалтын түлшинд тохирсон зуухыг хэрэглэхийг иргэдэд уриалж байна. Түүнчлэн тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утааны бохирдолд ОББҮХ анхаарч байна. Энэ хүрээнд утаа багасгаж, шаталтыг бүрэн дэмждэг нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхийг жолооч нартаа уриалж байгаа юм. Тээврийн хэрэгслийн янданд утаа шүүгч, нэмэлт төхөөрөмж авч суурилуулснаар машинаас гарах утааг бууруулах боломжтой” гэдгийг хэлсэн юм.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар (МХГ) Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Айл өрх, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээнд хийсэн хяналт шалгалт болон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч буй түүхий нүүрсэнд хяналт тавьж ажиллалаа. Шалгалтын дүнгээр түүхий нүүрс хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, түлсэн, хадгалсан зөрчил өмнөх жилүүдээс 90 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Мөн Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хийсэн хяналтаар 230 гаруй дээжийг лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээний дүнгээр стандартын шаардлагыг хангаж байгаа талаарх хариу гарсан. Өнөөдрийн байдлаар шахмал түлш хадгалах 86 агуулахад 92,000 тонн түлш хадгалагдаж байна. МХГ-аас хадгалалтын чанар стандарт тогтмол хянал хийж байна. 

Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан зууханд хэмжилт хийдэг. Хэмжилтийн дүнгээр дараах үр дүн гарлаа. Сайжруулсан зуух нь,

  • Дулаан барих чадварыг 1.8 дахин нэмэгдүүлж
  • Азотын давхар ислийн агууламжийн хэмжээг 21 хувиар бага 
  • Хүхэрийн давхар ислийн агууламжийг 37 хувиар бага 
  • Нүүрс төрөгчийн дутуу ислийн агууламжийг 48 хувиар бага
  • Тоосонцрын агууламжийг 62 хувиар бага ялгаруулж байгаа хэмжилтийн дүн гарсан. 

Дулаан барих чадвар сайжирч, галлагааны тоо багассанаар шахмал түлшний хэрэглээний зөрүү хоногт 5-10 кг, галлагааны улиралд 48-72 шуудай буюу жилдээ  180-270 мянган төгрөгийн хэмнэлтийг түлшний хэрэглээнээс хийж байгаа юм” гэдгийг хэлэв. Стандартын шаардлага хангасан ахуйн зуух нь 500 мянгаас 1.2 сая хүртэлх төгрөгөөр худалдаалагдаж байна. Тийм учраас стандартын шаардлага хангасан ахуйн зуухны үнэлгээг 2-4 жилийн дотор нөхөж барагдуулах боломжтой. Цаашид эдийн засагт хэмнэлт хийж, агаарын бохирдлыг 20-40 хувь бууруулах боломжтой хэмээх судалгаа гарсан гэдгийг онцлов.

Улаанбаатар хотын хэмжээнд 20 аж ахуйн нэгжийн 182 зуух тусгай зөвшөөрөлтэй дулаан үйлдвэрлэдэг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН