Нүүр хуудасНийгэмШинэ хоршоо: Өнөөдрийн зээл, маргаашийн өр!

Шинэ хоршоо: Өнөөдрийн зээл, маргаашийн өр!

Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай тогтоол баталжээ. “Шинэ хоршоо” хэмээх эргэлзээтэй нэртэй энэ хөтөлбөрийн ард 5 их наяд төгрөгийн зээлийг улсын төсвөөс гадуур баруун солгойгүй тараах санаачилга нуугдаж байлаа. Таван их наяд төгрөг… Та бидний толгойд ч багтахгүй их мөнгө “Шинэ хоршоо” гэдэг мөнгөний машин руу гулсан орж байна. Жилийн 6 нэгж хувийн хүүгээс давсан төлбөрийг Монгол Улсын Засгийн газар жил бүрийн төсөвтөө тусган, санхүүжүүлнэ гэж эрх баригч намынхан сурталдаж явна. Ковидын үеэр 5, 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнг нь нийтэд тайлагнаагүй хав дарсандаа амтшаад таван их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь энэ.

МЯНГАТУУДЫН ЧУУЛГАН

Манай УИХ-ын гишүүд үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгөөс гадна мал ахуй арвинтай улс. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээр бол 260 адуутай. Б.Бат-Эрдэнэ аварга 3000 толгой, П.Анужин 1500 толгой, Ц.Анандбазар 1300 толгой малтай гээд мянгат малчин улс төрчдийн цуваа уртаас урт үргэлжилнэ. Хоёр тэрбум шахам төгрөгийн үнэлгээтэй малтай улс төрч бол гайхах зүйл ердөө ч биш.

Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн мал сүргийн нийт үнэлгээ өөрийнх нь мэдүүлснээр 200 гаруй сая төгрөг болдог нь мянгатуудын дэргэд бараг л туслах малчин дайны юм даа.

Тийм ээ, УИХ бол мянгат малчдын чуулган. Мянгатуудаар бялхсан эрх баригч намынхан сонгуулийн босгон дээр малчин түмнээ уйлан хайлан бодсон нэгэн шийдвэр гаргаснаа хоолой чичрүүлэн, нулимс цийлэгнүүлэн сурталчилж байна.

Арилжааны банкнуудын эх үүсвэрээр олгох 5 их наяд төгрөгийн зээлийн тухай үдэш болгон телевизийн дэлгэцээр сурталчилж, ЗГХЭГ-ийн дарга аймаг аймагт нисэх онгоц хөлөглөн очиж малчдыг “Зээл ав!” хэмээн ятгаж байна. Малчин түмнээ бодсон малчин гишүүдийн нэгэн санаачилга нь УИХ-ын сонгуулийн босгон дээрх “Шинэ хоршоо” хөтөлбөр. Завсаргүй найман жил засаглаж, хоёр ч сонгууль дараалан биелээгүй амлалтдаа бүдэрсэн Ардын намын мянгатууд ахиад юу санаачлаад орхив оо? Эрх баригчдыг элдэв юм санаачлах болгонд эгэл ард цочдог болсон нь энэ цагийн араншин юм даа.

ЗУД БОЛОХОД … ЗООЛДОГ

Ганцхан өвлийн зуданд Монгол улсын нийт мал сүргийн 10 гаруй хувь хорогдоод байна. 4 816 өрх нийт малынхаа 70-аас дээш хувийг алдаж, 509 өрх 100 хувь малгүй болжээ. Сүүлийн 70 жилд 13 удаагийн зуд болж, нийтдээ 45 сая гаруй толгой мал хорогдсон гэдэг статистик тоон үзүүлэлт ч бий. “Зуд болоход нохой зоолдог” гэж хатуухан монгол үг байдаг. Харин өнөө цагт энэ үгийг “Зуд болоход улс төрчид таргалдаг” гэж орчуулж болохоор болжээ.

“Хоршчих, тэгээд 200 хүртэл сая төгрөгийн зээл ав” гэж байгаа улс төрч мянгатуудын урин дуудсан үгний ард уран нарийн мэх нуугдаж байгаа юм.

Нэгдүгээрт, энэ бол “мянгат” улс төрчдийн мөнгө угаах бас нэгэн боломж. Хавь ойрын хамаг санг цөлмөж, Хөгжлийн банкийг хөмөрч хаясан мянгатуудын хувьд энэ бол дараагийн найр наадам болно. Хоёрдугаарт, энэ их мөнгийг хэнд өгөх, хаашаа хуваарилах вэ гэдэг нутаг нуга, ахан дүүс, тойрог тойргийн гавшгайчдын уралдаан болох нь мэдээж. Гуравдугаарт, өгөх нь гэдийж, авах нь бөхийх үед авилга хахуулийн асар том систем ядарсан малчдын хэрэгцээ, санаачилга дээр амилан босч ирнэ. Хаана төрийн оролцоотой шийдвэр, их мөнгө байна, тэнд авилга үүсэх нь жам. “Шинэ хоршоо” үүнийг тойрохгүй.

ЭНЭ БОЛ ХАЙР БИШ…

Хамгийн хачирхалтай нь энэ их зээлийн баталгааг Монголбанк гаргаж байна. Мэдээж, энэ бол Төв банкны хуулиар хориотой заалт. Монголбанк бол Засгийн газраас бонд гаргасан тохиолдолд санхүүжүүлэх ёстой субъект. Засгийн газар, Монголбанкны мөнгө гэж байхгүй. Татвар төлөгч та бидний мөнгөөр 5 их наяд төгрөг ийнхүү гарын салаагаар урсах гэж байгаа хэрэг. Малчдын зээлийн хүүгийн зөрүүг татвар төлөгч бид яагаад төлөх ёстой юм гэж бусад нь бухимдаж байна. Талцуулан хагалдаг нь энэ намын, эрх баригчдын засаглах үндсэн арга нь байсан, байгаа ч юм байна.

Ард ба тайж гэж ангилан ялгадаг байсан бол манай үед малчид ба хотынхон гэж хагаралдуулж байгаа харалган ч гэх үү, зальжин ч гэх үү хорт бодлого “Шинэ хоршоо”-ны санхүүжилтийн ард нуугдаж байна.

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд олгох зээл бол хэн нэгэнд зүгээр тарааж байгаа мөнгө, ямар нэг тусламж огт биш гэж Засгийн газар өөрөө хэлж байна. Энэ бол тусламж биш ээ, ЗЭЭЛ юм аа гэж. Шинээр зээл авахыг уриалан шахаж байгаа ч угаасаа өнөөдөр 150 мянган малчин банкны зээлтэй. Зээлээ төлөхгүй бол өр болно. Өрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөө хураалгаж үгүйрнэ. Өөрөө эс төлөвч үр хүүхэд тань төлж байж л цайрах өр.

Өгсөн бол авдаг нь банкны зарчим. Өгөхдөө барьцаатай олгоно, авахдаа хүүтэй буцаана. Журам нь ийм, жам нь тийм. Алтан нарыг алгаар хааж болдоггүйтэй адил ямар ч гоё үгээр халхлаад энэ бол өнөөдрийн зээл, маргаашийн өр.

Байгалийн зуданд барагдаагүй үлдсэнийг нь  Ардын нам арчих бодлого албан ёсоор ийнхүү эхэллээ. Хожим хотоо харлуулж, байгаа бүхнээ банкинд хураалгасан мянга мянган малчин үр удмаараа тэднийг ерөөхгүй, хараах болно. Өгсөн л бол авч салдаг нь зээлийн үнэн. “Тэглэх юм гэнэ лээ” гэдэг тэнүүлч үгэнд хууртах хэрэгггүй. Өнөөдрийн зээл бол маргаашийн өр гэдэг нь маргашгүй билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН