Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК нарт холбогдох хэргийг шүүгдэгч Чен Бин, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Должинсүрэн нараас гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцэв.
Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй хэмээн үзэж, уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдлээ.
Эргэн сануулахад, анхан шатны шүүхээс шүүгдэгч “Эм Ди Си Пи” ХХК-ийг 70 сая төгрөгөөр торгох, мөн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Чен Бинийг 25.4 сая төгрөгөөр торгох ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Анхан шатны шүүхийн тогтоолыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.