“Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан.
Энэ хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ш.Шинэбаяраас тодрууллаа.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн онцлогийн талаар мэдээлэл өгнө үү?
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Энэ хугацаанд 2017 онд нэг удаа, энэ оны 04 сарын 24-нд 2хоёр дахь удаагаа нэмэлт, өөрчлөлт ороод байна.
Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн онцлог нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрх зүйн шинэтгэлийн ажлын хүрээнд шинэчлэгдэн батлагдсан эрүүгийн багц хуулиудтай уялдуулсан, мөн шинээр зохицуулах харилцааг зохицуулах заалтуудыг тусгасан, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой хүндрэл бэрхшээлтэй асуудлыг арилгасан, хуулийн хэрэгжилтийг сайжруулах ач холбогдолтой зохицуулалтуудыг тусгаж оруулсан зэргээрээ онцлог юм. Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар дундын ажлыг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний дэргэд байгуулахаар болсон.
Мөн хуулийн зарим тодорхойгүй, уялдаа холбоогүй, ойлгомжгүй, дутуу орхигдуулсан, давхардал хийдэл, зөрчил үүссэн зохицуулалтыг холбогдох хуультай уялдуулах, өөрчлөх, хүчингүй болгох, Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээний төрөлд оруулсан боловч, хэрэгжих тодорхойгүй нөхцөл байдал үүссэн асуудлыг тодорхой болгох асуудлыг шийдвэрлэсэн.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд шинээр ямар асуудлыг тусгасан, цаашид хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой ямар ажлыг танай хэлтсээс зохион байгуулж байна вэ ?
Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа нь тухайн гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангахаас гадна тэдгээр хүмүүст хууль зүйн, сэтгэл зүйн, эрүүл мэндийн туслалцааг үзүүлэхийг хуулиар үүрэг болгосон.
Ингэхдээ хамгаалалтад авагдсан хүмүүсийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх асуудал орхигдсон байсан.Тухайлбал хамгаалалтад байгаа хүний хувьд аюулгүй газарт түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан тохиолдолд тухайн хүний ажил хөдөлмөр эрхлэх ч юм уу, эсвэл суралцах, гадуур бусад иргэд байгууллагатай харилцах ч байдаг юм уу зарим эрхүүд хязгаарлагдах шаардлага бий болдог. Энэ тохиолдолд тэдгээр хүмүүсийн амьдралын наад захын хэрэгцээ хоол хүнс, ахуйн хэрэгцээ, суралцах хэрэгцээ зэрэг нийгмийн шинжтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хүндрэл учирч байсан юм. Үүнийг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусган, нийгмийн туслалцаа үзүүлж байх, түүнд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж байхаар хуульчилсан.
Мөн насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалалтад авахад баримтлах нарийвчлан зохицуулсан стандартыг холбогдох байгууллагаар батлуулан мөрдөж ажиллах, дээр дурдсан орон тооны бус зөвлөлийг хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний дэргэд байгуулах зэрэг шинэ зохицуулалтуудыг оруулсан.
Хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан бид одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хамгаалалтын арга хэмжээний журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр баталж мөрдөхөөр хуульд заасан стандарт, журмуудыг боловсруулах, нийгмийн туслалцаа үзүүлэхэд шаардагдах зардлыг 2021 оны улсын төсөвт тусгуулах төсвийг боловсруулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр Хэлтсийн даргын тушаалаар Ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагаас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хэдэн иргэнд хамгаалалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж ажилласан бэ?
Манай хэлтэс 2016 онд байгуулагдсанаас хойш 2019 оныг дуусталх хугацаанд нийт 250 аюулгүй байдлыг хангах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж 277 хүнийг цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авч ажилласан байна. 2020 оны 05 дугаар сарын байдлаар 58 хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж, 55 хүнийг хамгаалалтад авлаа. Хамгаалалтад хамрагдаж байгаа иргэдийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Он оноор нь авч үзвэл 2016 онд 42, 2017 онд 36, 2018 онд 65, 2019 онд 134 хүн хамгаалалтад хамрагдсан байна.
Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг танай хэлтсээс хариуцан хэрэгжүүлдэг энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 346 дугаар тогтоолоор “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр жил бүр Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг Цагдаагийн ерөнхий газрын даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Хөтөлбөр нь 2016-2018, 2019-2021, 2022-2024 он гэсэн 3 үе шаттайгаар хэрэгжихээр батлагдаж, одоо 2 дугаар үе шатны ажил, арга хэмжээ хэрэгжиж байна. 2020 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран 01 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг Өвөрхангай, Орхон, Ховд, Хэнтий аймгийн төвүүдэд бүсчилэн зохион байгуулж, нийт 120 гаруй алба хаагч, ажилтнуудыг оролцууллаа.
Мөн Гэрч, хохирогчийг
хамгаалах үйл ажиллагааг иргэдэд сурталчлан танилцуулах сурталчилгааны зурагт
хуудас, 6 төрлийн богино хэмжээний кино /шторк/ хийж, иргэдэд сурталчлах ажлыг
орон даяар зохион байгуулсан. Цаашид бид хороодын нийгмийн ажилтнууд, хамтарсан
багаар гишүүдийг чадваржуулах сургалт зохион байгуулах, тэднээр дамжуулан Гэрч,
хохирогчийг хамгаалах тухай хууль, хөтөлбөр үйл ажиллагааг иргэдэд сурталчлан
таниулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажилаж байна.
Иргэд та бүхэн манай байгууллагатай холбоотой мэдээллийг Цагдаагийн ерөнхий
газрын албан ёсны цахим хуудас, Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс гэсэн нүүр
номондоо цаг тухайд нь нийтлэдэг учраас та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг авч
болно.
ЦЕГ