УИХ-ын дарга Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах үндэсний үйлдвэрлэгч “Майнд Тэч” ХХК-ийн үйлдвэрт ажиллаж, баялаг бүтээгчидтэй дотоодын үйлдвэрлэлийг дэмжих татварын суурь шинэчлэлийн хүрээнд санал солилцжээ. Энэ үеэр Эдийн засагч Д.Ангар байр сууриа илэрхийлсэн байна.
-Аливаа улс орны эдийн засгийн суурь нь дотоодын үйлдвэрлэл байдаг. Харамсалтай нь сүүлийн 30 гаруй жилийн төрийн бодлогод үндэсний үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэл орхигдож, худалдааны, импортын эдийн засагтай явж ирсэн. Бидний хэрэглэж буй ихэнх зүйлс гадны улс орноос импортоор орж ирдэг байсан.
Гэхдээ сүүлийн үед төрийн бодлого өөрчлөгдөж буй нь сайшаалтай. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж байна. Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгарч буй түгээмэл асуудал бол импортын татвар. Дотоодын үйлдвэрүүд хөгжиж эхэлж байна. Зарим нь байгуулагдаад 1-2 жил болж байна. Зарим нь 5-10 жилийн түүхтэй. Гэтэл өрсөлдөж буй компани нь 70 жилийн түүхтэй германы, 50-60 жилийн түүхтэй япон, солонгосын компани байх жишээтэй. Энэ өрсөлдөөнд хэн ялах нь тодорхой. Тиймээс аж ахуйн нэгжүүд дотоодын үйлдвэрлэлээ импортоос хамгаалж өгөөч гэж хүсч буй юм. Үүний тулд импортын татвараа нэмэх нь зүйтэй юм. Өнөөдөр ургамлын тосны зах зээлд давамгайлж буй импортлогчид 5 хувийн татвар төлж байхад, дотоодын үйлдвэрлэгчдэд ирэх татварын дарамт 20 хувь давсан. Дотоодын үйлдвэрлэгчдээ өсөж, хөгжих боломжийг олгохын тулд татварын бодлогоор дэмжих л чухал байна гэлээ.