(1959-2025)
Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Гавьяат эдийн засагч, техникийн ухааны доктор, дэд профессор, төр, нийгмийн зүтгэлтэн Лааганы Цэрэнжав 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Л.Цэрэнжав нь 1959 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрж, 1967 онд Шинэ-Идэр сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж, 1977 онд Мөрөн сумын Нэгдүгээр 10 жилийн дунд сургууль, 1983 онд Зөвлөлт Холбоот Улсын Волгоград хотын Политехникийн дээд сургуулийг Дотоод шаталтат хөдөлгүүрийн зохион бүтээх инженер механик мэргэжлээр төгсөж, 1993 онд Удирдлагын академи, 1999 онд Украйн улсын Киев хотод, 2010 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад Удирдахуйн ухааны чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлж, 2005 онд Оросын Холбооны Улсад Техникийн ухааны докторын зэрэг хамгаалж, дэд профессор цол хүртжээ.
Тэрбээр 1992-2000, 2008-2016 онд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 1996-2012 онд Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын дарга, 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, 2008-2014 онд Хөвсгөл аймгийн Засаг даргаар тус тус ажиллаж өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан улс, аймаг, орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж “Монгол Улсын Гавьяат Эдийн засагч” цол хүртээж, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиудаар шагнажээ.
Төр, нийгмийн зүтгэлтэн Л.Цэрэнжав таны эх орныхоо хөгжил, дэвшилд оруулсан нөр их хөдөлмөр, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний сэтгэлд мөнхөд орших болно.
У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН, Г.ЗАНДАНШАТАР,
Н.УЧРАЛ, Ц.САНДАГ-ОЧИР, Л.МӨНХБААТАР,
Ц.ДАВААСҮРЭН, Л.ЭНХ-АМГАЛАН
Д.ПҮРЭВДОРЖ, Л.ТӨМӨРБААТАР





