Нүүр хуудасМэдээ"Эмч, эмнэлгийн ажилтан, тусгай үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад орон сууц...

“Эмч, эмнэлгийн ажилтан, тусгай үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад орон сууц олгох хөтөлбөрийг “түрээслээд өмчлөх” хувилбараар хэрэгжүүлэх нь зүйтэй

УИХ-ын дарга Г.Занданшатар COVID-19-ийн эсрэг УИХ-аас авч хэрэгжүүлэх багц арга хэмжээний талаар танилцуулсан билээ. Тэдгээр арга хэмжээний дотор эмч, эрүүл мэндийн болон төрийн тусгай байгууллагын албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр гарган хэрэгжүүлэх тухай асуудал багтсан юм. Тэрбээр энэ чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийнхэнтэй уулзаж ярилцав.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн орон сууцны корпораци зэрэг байгууллагын удирдах ажилтнууд оролцлоо.

Ажлын хэсгийнхэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх хэд хэдэн хувилбараас “ТҮРЭЭСЛЭЭД-ӨМЧЛӨХ” хэлбэрийг сонгох нь зүйтэй гэж үзэж байгаа аж.Нийслэлийн орон сууцны корпораци энэ хувилбарыг амжилттай хэрэгжүүлж, иргэд ч дэмжиж байгаа юм.  Энэхүү хувилбар нь орон сууцаа түрээслэнгээ өөрийн орон сууцтай болох хэлбэр юм. Жишээ нь, ам.метр нь 1.5 сая төгрөгийн үнэтэй 50 ам метр талбайтай орон сууцыг 15 жилийн хугацаагаар түрээслэхэд сард 493.0 мянган төгрөг төлөх бөгөөд 15 жилийн дараа өөрийнх нь өмчлөлд бүрэн шилжих юм. Хүүгийн түвшин нь 6 орчим хувь байх ажээ.

Өнөөгийн байдлаар “түрээслээд өмчлөх” хэлбэрээр ашиглах 1,800 гаруй орон сууц бэлэн байгаа бөгөөд ойрын үед ашиглалтад орох сууцууд ч бий аж. Хөтөлбөрт хамрагдах эмч, эмнэлгийн ажилтан, тусгай үүрэг гүйцэтгэж буй, орон сууц шаардлагатай 6,400 гаруй төрийн албан хаагч байна гэсэн тооцоо гарчээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хөтөлбөрт хамрагдах орон сууц, хүмүүсийн судалгааг сайн гаргах, ямар нэгэн будлиан бухимдал гаргахгүйгээр зохион байгуулах бэлтгэлийг хангах, санхүүжилтийн асуудлыг шийдэх, УИХ-аас гарах шийдвэр, хууль тогтоомжийн талаар саналаа өгөх зэрэг ажлыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.     

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН