Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала ажлын айлчлал хийхээр өчигдөр /2024-04-28/ Монгол Улсад ирлээ.
Тэрбээр айлчлалынхаа эхний өдөр Эрүүл мэндийн яамны харьяа Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвд зочилж, үйл ажиллагаатай танилцав.
Бүсийн захирлыг тус үндэсний төвийн Ерөнхий захирал А.Эрдэнэтуяа болон удирдлагын багийн гишүүд хүлээн авч, төвийн бүтэц, үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцууллаа.
Энэ үеэр Др. Пиукала эх, нярай болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын гаргасан ололт амжилтыг онцлон дурдахын сацуу дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын оргил үеэр 1500 ор дэлгэн ажиллаж, хүн амын эрүүл мэнд, амь насыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн тус төвийн нийт ажилтан, албан хаагчдад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийлэв.
Зочид тус төвийн мэс засал, мэдээгүйжүүлэг, нярайн эмгэг судлал, эрчимт эмчилгээний тасаг болон нэгдсэн лабораторийн тасагтай танилцлаа.
Бүсийн захирал Др. Пиукала 2023 онд Ази, Номхон далайн парламентчдын Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх форумд оролцох үеэрээ Монгол Улсад зочилж байсан бөгөөд хөдөө орон нутагт, нэн ялангуяа хөдөөгийн алслагдмал багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж буйтай газар дээр нь танилцсан юм. Тэрбээр энэ удаад Номхон далайн баруун бүсийн захирлын хувиар манай улсад анх удаагаа айлчлал хийж байгаа бөгөөд ийнхүү эрүүл мэндийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж буйтай нарийвчлан танилцлаа. Тэрбээр тус төвд шинээр байгуулж буй эхийн сүүний банкны үйл ажиллагааг онцлон сайшааж, нярайг эхний 6 сард дан эхийн сүүгээр, цаашилбал 2 нас хүртэд эхийн сүүгээр давхар хооллохын ач холбогдлыг эрүүл мэндийн ажилтан бүр залуу эцэг, эхчүүдэд ухуулан ойлгуулж байгаарай гэлээ.
Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн хувьд эх барих, эмэгтэйчүүд, нярайн чиглэлээр лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлээд зогсохгүй мэргэжлийн чиглэлээр дадлагажигч эмч нарыг сургадаг сургалт эрхэлдэг байгууллага болохын хувьд цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран эдгээр болон бусад чиглэлээр эрүүл мэндийн мэргэжилтний тасралтгүй сургалтыг явуулах бүрэн боломжтой төв байна хэмээн Бүсийн захирал болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте нар сайшаав.