Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр. Тэмбүүг устгая” үйл ажиллагааг энэ оны 7 дугаар сараас улс даяар зохион байгуулж эхэлсэн.
Энэ ажлын хүрээнд тэмбүүгийн өвчлөлийг бууруулах зорилгоор нийт хүн амд чиглэсэн бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх, залуучууд, эрсдэлт бүлгийн хүн амыг үзлэг шинжилгээнд хамруулан, эрүүлжүүлэх, жирэмсний хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулсан байна. Тухайлбал:
Тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх үзлэг шинжилгээг халдварт болон халдварт бус өвчний илрүүлэг үзлэгтэй хамтатган аймаг бүр өөрийн онцлогт тохируулан зохион байгуулж, 96,289 иргэнд шинжилгээ хийж, 765 тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлэн, эмчилгээнд хамрууллаа.
Өндөр эрсдэлт бүлгийн 1,271 хүн, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд зэрэг 10 аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн 6,000 гаруй ажилчин, 6 аймгийн 10 сумын 38 аж ахуйн нэгжийн 870 гар аргаар алт олборлогч, 15 аймгийн алсын тээврийн 2,140 жолооч зэрэг нийт 20,620 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулахад 279 тэмбүүгийн шинэ тохиолдол, 16,000 гаруй оюутан, 1,663 орон гэргүй иргэдээс 219 тэмбүүгийн тохиолдол илрүүлэн эмчиллээ.
Түүнчлэн жирэмсний хяналтыг сайжруулахад онцгойлон анхаарч, улсын хэмжээнд давхардсан тоогоор 29,290 жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж, 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлсэн байна.
“Тэмбүүг устгая” үйл ажиллагааг эрчимжүүлснээс хойш 4 сарын хугацаанд нийтдээ улсын хэмжээнд 218,000 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийж, тэмбүүгийн 3,682 тохиолдол, 1,716 хавьтлыг илрүүлэн, эмчлэн эдгэрүүлсэн үр дүнтэй байна.
Эрүүл мэндийн яам, ЭМЯ-ны дэргэдэх БЗДХ, ДОХ-ын Мэргэжлийн салбар зөвлөл, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан баг 15 аймагт уг үйл ажиллагааны явцад дэмжлэгт хяналт хийж, 12 аймгийн 500 гаруй эмч, мэргэжилтнийг тэмбүү өвчний оношилгоо эмчилгээ, хавьтлын илрүүлэг, эмчилгээний хяналтын талаар сургасан байна.
2019 оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын 13,685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дунд 38.0 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварын 40.3 хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж, 5,517 тохиолдол бүртгэгдсэн байна.
Тэмбүүгийн өвчлөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 503 тохиолдлоор нэмэгдсэн нь Тэмбүүг устгая үйл ажиллагааны хүрээнд явагдсан илрүүлэг шинжилгээний үр дүн гэж үзэж байна.
Тэмбүүгийн өвчлөл Сүхбаатар, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хот улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна.
Иргэдийг БЗДХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдах, үнэ төлбөргүй эмчлэх, хувь хүний нууцыг хадгалах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч хавьтлын илрүүлэлт хангалттай бус байна.
Цаашид “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”- Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, бэлгийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх талаар хүн ам, ялангуяа залуучуудад чиглэсэн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байна. Ялангуяа нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж тэдний санал санаачилгыг дэмжин ажиллана.
Мөн жирэмсний хяналтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бэлгийн замаар дамжих халдварын эмчилгээний дараах хяналтыг сайжруулах, бэлгийн хавьтагчийг илрүүлэн, эмчлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”- Тэмбүүг устгая” үйл ажиллагаа хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2021 оны 7 сарыг дуустал үргэлжлэх юм00