Нүүр хуудасМэдээЭМЯ: Сургуулийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ

ЭМЯ: Сургуулийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн ази, номхон далайн Бүсийн захирал хатагтай Жьюн Кунуги болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, үндсэн чиглэлийн талаар товч мэдээлэл өгч, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Тэрээр НҮБ-ын Хүүхдийн сантай хорт хавдрын сэргийлэлт, эрт илрүүлгийн чиглэлээр ялангуяа умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхэд хүний папиллома вирусийн шинжилгээнд 35, 45 настай нийт 51,605 эмэгтэйг хамруулах, цаашлаад дархлаажуулах, томуугийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эм, эмчилгээний чанарын асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр өргөн хүрээнд эрчимтэй хамтарч ажиллаж байгаа талаар онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн тандалт, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд Сургуулийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль санаачилж байгаагаа дурдаж, үүнийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн ази, номхон далайн Бүсийн захирал хатагтай Жьюн Кунуги Эрүүл мэндийн сайдын хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг сайшааж, цаашид хүүхдийн орчны эрүүл мэнд, вакцинжуулалт, хоол тэжээлийн бичил тэжээл, эм, вакцины үйлдвэрлэл зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах боломж байгааг онцолж, Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлэх ажлуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН