Эрүүл мэндийн системийн гол хөдөлгөгч болох эрүүл мэндийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэж, бодлогын хүрээнд болон үйл ажиллагааны түвшинд хэн нь ямар оролцоотойгоор хэрхэн хамтран ажиллах тухай өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл хэрэгжиж, ЭМБ-ууд иргэд, даатгуулагчдад тусламж, үйлчилгээг үзүүлсний үр дүнд ЭМДС-аас гүйцэтгэлээр санхүүжилт авдаг болсон.
Ингэснээр улсын төсөв болон ЭМДС-ийн салангид эх үүсвэрүүдийг нэгтгэж, давхардлыг арилгаж, тусламж, үйлчилгээг худалдан авах чиглэлд томоохон өөрчлөлтүүдийг хийж хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн өр, үр ашигтай зарцуулалтаас үүдсэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд 2025 онд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

ЭМДҮЗ-ийн 2025 оны 1 дүгээр тогтоолоор ЭМДС-ын хуримтлагдсан өр төлбөрийг 1 дүгээр улиралд багтаан барагдуулах шийдвэрийг гаргасны үр дүнд ЭМБ-дад өгөх хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулаад байна.
ЭМБ-ын өр, авлагыг судлан үзэхэд дийлэнх нь зардлаа хэт тэлснээс үүдэлтэй буюу санхүүгийн менежмент сул байгаагаас үүдэлтэй байгаа тул ЭМБ-ын зарлагыг орлоготой нь нийцүүлж, төсвийн хуваариар хянах зохицуулалтыг хийж байна.
Хуримтлагдсөн өрийг барагдуулсны дараах ЭМДС-ын 2025 оны бодит төсөв нь 2024 оны хэмжээнд байгаа бөгөөд хязгаарлагдмал эх үүсвэрийг нэн шаардлагатай, зайлшгүй хэрэгцээт тусламж, үйлчилгээг худалдан авахад зарцуулах бодлогын хүрээнд өвчлөлийг архаг, хурц, цочмог хэмээн ангилж, ялгаатай байдлаар санхүүжүүлж байна.
ЭМБ-ыг харьяа хүн амдаа хэрэгцээт тусламж, үйлчилгээгээ үзүүлэхийг бодлогоор дэмжин, төвлөрөл сааруулах бодлогын хүрээнд эмч нарыг бэлтгэх, төрөлжсөн эмнэлгээс баг ажиллуулахын зэрэгцээ санхүүжилтийн механизмаар дэмжиж байна.

Мөн түүнчлэн орон нутгийн ЭМБ-аас зайлшгүй үзүүлбэл зохих тусламж, үйлчилгээний хувьд сонгон шалгаруулалтгүйгээр гэрээлэх, үйлчлэх хүрээний хүн ам цөөтэй нь улмаас хангалтгүй санхүүжилттэй байгаа ЭМБ-ын хувьд тарифын тохируулга хийхээр ажиллаж байна.
Харин эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, салбарыг тогтвортой хөгжүүлэхийн цаашид дараах 3 чиглэл дээр хүч гарган ажиллана.

Үүнд:
1.Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийг ДНБ-ий зургаан хувьд үе шаттайгаар хүргэнэ.
2.Эмч, ажиллагсдын цалин урамшууллыг нэмэгдүүлнэ. Ингэхдээ гүйцэтгэлтэй уялдуулж, хэн үр дүнтэй, илүү гүйцэтгэлтэй ажилласан нь илүү цалинтай байх тогтолцоог бий болгоно.
3.Эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг үр ашигтай байхад чиглүүлж, оновчтой болгоно. Бүх эмнэлэг бүх үйлчилгээг үзүүлэхэд тэмүүлэх бус шатлал шатлалдаа тохирсон үйлчилгээг давхардалгүй үзүүлэх, хэт төвлөрсөн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.