Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэн Миньжуанийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээн уулзлаа.
Уулзалтаар Элчин сайд хатагтай Шэн Миньжуан хятадын уламжлалт анагаах ухааныг өрнийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж байгаа БНХАУ-ын төрийн бодлогын хэрэгжилт, ололт амжилт, туршлагын талаар дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ өвчнөөс сэргийлэх, хянах тогтолцооны чиглэлээр тус улсын хуримтлуулсан туршлага, мэдлэгээс хуваалцах, алсын зайнаас оношлогоо, эмчилгээг хүргэх зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах боломж бололцоо байгааг тэмдэглэв.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНХАУ-ын эрүүл мэндийн салбар, тэр дундаа ялангуяа анагаах ухаан хурдацтай хөгжиж байгааг онцлон тэмдэглээд, тус улсын анагаах ухаанаас ололт дэвшлээс суралцаж, хамтдаа хөгжих чиглэлд нээлттэй ажиллах болно гэлээ. Ялангуяа уламжлалт анагаах ухааны чиглэлд туршлага мэдлэгээ харилцан хуваалцах, халдварт өвчинтэй тэмцэх, оношилгоо, эмчилгээний шинэ технологи, арга зүйгээс суралцах, эрүүл мэндийн ажилтны чадавхыг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийн агуулгыг боловсронгуй болгоход туршлага судлах зэрэг чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Уулзалтаар талууд хоёр улсын харилцааны чухал хэсэг болох эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын шууд хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод, үүнтэй холбогдуулан яамд хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн батлах чиглэлээр ойрын хугацаанд шуурхай ажиллахаар тохиролцов.
