Гуравдугаар сарын 5-7-ны өдөр БНСУ-д гэрээгээр ажиллах хүмүүсийн бүртгэсэн. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас Солонгост ажиллахаар бүртгүүлсэн 10 мянга орчим иргэдийн мэдээллийг нэгтгэн шивэх ажил үргэлжилж байгаа юм. Үүний дараа Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь гарах юм. Солонгос хэлний шалгалтад тэнцсэн иргэдээс ажил мэргэжлийн ур чадварын шалгалт авч тэнцвэл эрүүл мэндийн үзлэгт хамрагдах зэргээр хэд хэдэн үе шаттай явагдах ажээ. Эдгээр шалгуурыг давсан иргэдийн нэрсийг БНСУ-ын гадаадаас ажиллах хүч авдаг 16 орны иргэдийн мэдээллийн нэгдсэн санд оруулна. Тэр сангаас ажил олгогчид өөрийн ажлын байрны шалгуурт нийцэж байгаа иргэдийг сонгох замаар явагдах юм.
Ажиллах хүч илгээх тухай хоёр орны гэрээгээр энэ жил БНСУ манай улсаас 2100 хүн авах квот тогтоосон. Өнгөрсөн жил энэ квот 1700 байжээ. Хоёр улсын Засгийн газрын гэрээгээр БНСУ-д ажиллах хүч илгээх цорын ганц байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул манай байгууллагын албан ёсны вэб сайтаас мэдээлэл авч, чиглэлийн дагуу шалгалтуудаа өгч, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой. “БНСУ-д ажилд зуучилж өгнө” гэж иргэдийг залилах явдал гардаг. Одоогийн байдлаар яг ийм залилангийн шинжтэй 36 гаруй хэрэг бүртгэгджээ.