Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал Coal Mongolig 2022 чуулганд оролцов. Энэ үеэр тэрээр дараах мэдээллийг өгсөн юм:
-Энэ оны улсын төсвийг тодотгож, нийт 18 сая тонн нүүрс худалдахаар төлөвлөсөн. Энэ сарын 1-ний байдлаар 14.9 сая тонн нүүрс экспортолжээ. 82 хувийн гүйцэтгэлтэй байна. Оны сүүлээр 18 саяд хүрнэ.
Нүүрс манай улсын орлогыг бүрдүүлэгч хамгийн том ашигт малтмалын нэг болсон. Аль болох их хэмжээний нүүрс худалдахын тулд боомтын хүчин чадлаа нэмэх ёстой. Иймд задгай тээврээс гадна чингэлэгт тээврийг эхлүүллээ. Гашуунсухайт, Шивээ хүрэнгээр нийт нүүрсний 90 хувийг гаргадаг. Эдгээр боомтуудад хувийн хэвшил хөрөнгө оруулж, чингэлэг тээврийн терминал барилаа. Мөн Гашуунсухайтад автомат удирдлагатай HRV ашиглалтад орсноор гурван гарцтай болсон. 5G сүлжээ нэвтэрлээ.
Өмнө нь эрчим хүчний нүүрсэнд маш өндөр АМНАТ ногдуулдаг байсан тул энэ төрлийн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь бага байв. Стандартаа нэмснээр эрчим хүчний нүүрс худалдах боломжтой. Урд хөршид коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсний эрэлт ч бий.
Нүүрсний стандарт, АМНАТ-тай холбоотой маргаан сүүлийн нэг жил үргэлжиллээ. 11 төрөл байсан стандартыг олон улсын жишгээр 29 болгов. Ингэснээр илүү бодит үнэ тогтоно. Сайн нүүрсээ өндөр үнээр, чанар багатайг нь хямд худалдах юм. 29 өөр үнэ бодно гэсэн үг. Энэ нь манай салбарт гарсан нэг дэвшил юм. Индонез эрчим хүчний нүүрсээ 75 ангилжээ. Тус улс БНХАУ-д жил бүр 200-300 сая тонн нүүрс нийлүүлдэг, эрчим хүчний томоохон ханган нийлүүлэгч.
1990 оноос хойш нийт 36 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсны 70 хувь нь уул уурхайн салбарыг чиглэжээ. Бид таван жил тутамд гадаад орчны судалгаа хийдэг. Судалгаагаар манай улс төрийн орчин тогтворжсон гэдэг дүгнэлт гарсан.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ удахгүй хэлэлцэнэ гэв.