Багануур дүүрэгт ажиллаж буй багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир болон ЭМЯ-ны удирдлагууд, харьяа байгууллагын удирдлагууд оролцож улсын лавлагаа шатлалын эмнэлгүүдээс тухайн бүс нутгийн өвчлөл, эмчлүүлэгчдийн судалгааг танилцуулав. Түүнчлэн энэхүү судалгаанд тулгуурлан эмнэлгүүд хэрхэн уялдаа холбоотой ажиллаж хүний нөөцийг чадавхижуулах, эмнэлгийн “Төвлөрлийг сааруулах” бодлогыг хэрэгжүүлэх тухай төлөвлөгөө танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: ЭМДС-ийн 2,3 их наядын зарцуулалтыг хэрхэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тэгш хүртээмжтэй оновчтой зөв хуваарилах болон “Эрт илрүүлгийн нэгдсэн бодлого”, иргэд өөрийн амьдарч буй бүс нутагтаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй авахад чиглэсэн “Төвлөрлийг сааруулах” бодлого, эмийн чанар, аюулгүй байдал, нэгдсэн үнийн бодлогод чиглэсэн “Эмийн нэгдсэн бодлого” зэрэг зорилтот томоохон бодлогын ажлууд хэрхэн хэрэгжиж ямар үр дүн үзүүлсэн тухай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд танилцууллаа.

Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг буюу Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтантай бөгөөд дүүргийн иргэдээс гадна Төв, Хэнтий аймгийн зарим сумдын иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байна. Эрүүл мэндийн сайд эмч эмнэлгийн ажилчидтай уулзаж, зарим асуудлуудыг газар дээр шийдвэрлэлээ.
