“Ковид-19” халдвар цар тахлаас шалтгаалан иргэд вакцин хийлгэсэн болон халдвар аваад эдгэснийхээ дараа эсрэг биет үүссэн эсэхэд ихээхэн анхаарч шинжилгээ өгч байгаа. Гэхдээ эсрэг биет гэдэг нь ямар учиртай, ямар байдлаар хэмжигддэг гэдгийг хүн бүр мэддэггүй. Эсрэг бие гэдэг дархлааны уураг нь дархлааны эсээс үүсч, хүний биед ямар нэгэн халдвар орж ирээд дархлааны хариу урвал өрнөсний дараа дархлааны эсүүдээс үүсдэг. Энэхүү уураг өвдөөд эдгэсэн хүнд ч, вакцин хийлгэсэн хүнд ч тодорхой түвшинд тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, биед гаднаас өвчин үүсгэгч орж байгаа учраас дархлааны эсүүд ажиллаж, өөрийнхөө уургийг ялгаруулдаг байна. Харин үүнийг заавал шинжлүүлж тодорхойлуулах гээд байх шаардлагагүй гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байгаа юм. Учир нь өвдөөд эдгэсэн, эсвэл вакцин хийлгэсэн хүмүүсийн гол зорилго нь эсрэг бие өндөр тодорхойлогдвол өөрийгөө сайн хамгаалагдсан гэж үзэж байгаа ч эсрэг бие үүсэж байгаа нь дархлааны зөвхөн багахан хэсэг, цаана нь эсийн дархлаа гээд бас нэг өөр дархлаа ажиллаж байдаг байна. Энэ эсрэг бие шинжилгээгээр гарахгүй ч байж болно. Харин гараагүй байлаа гээд дархлаа тогтоогүй байна гэж ойлгож болохгүй, цаана нь эсийн дархлаа ажиллаад тогтчихсон байж болно гэдгийг хэлж байна. Хүний дархлааг 100 хувь гэж авч үзвэл эсрэг биеийг зөв оновчтой шинжилж чадвал 50 хувь хүртэл дархлааг тодорхой хэмжээнд илэрхийлнэ. Харин буруу оношлуур ашиглаж шинжилбэл эсрэг бие тодорхойлогдохгүй юм байна. Үүнийг нь эсрэг бие тодорхойлогдоогүй учир дархлаа тогтоогүй байна гэж ярьж болохгүй юм байна. Учир нь манай улсад нэг оношлуур ашиглаж өөр өөр вакцины үр дүнг үнэлэж байгаа нь буруу буюу нийт дархлааны 30, 40 хувийг оновчтой шинжилж чадахгүй байгаа хэрнээ буруу юм яриад байгааг хэлж байгаа юм. Ийм учраас эмч нар энэ шинжилгээг хийлгэх нь ерөөсөө ач холбогдолгүй гэж үзэж байгаа аж. Өвдөөд эдгэсэн хүний эсрэг бие арай илүү өндөр тодорхойлогдож болно. Гэтэл үүнийг үзчихээд дархлаа сайн тогтсон байна, бусад нь бага байна гээд яриад байж болохгүй. Вакцины төрлөөс, оношлуураас, вакцины дараах хугацаа, хувь хүний онцлог гээд олон хүчин зүйлээс үр дүн хамаарна гэдгийг дахин онцлон хэлэх байна. Тиймээс иргэдийн зүгээс эсрэг бие сайн тогтжээ гэж шинжилгээ хийлгэж байгаа нь харьцангуй ойлголт бөгөөд шаардлагагүй зүйлс гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг төрлийн багажаар олон вакциныг шинжлэх нь тохиромжгүй учир зарим талаараа хувийн эмнэлгүүдийн бизнес ч болж мэдэхээр нөхцөл байдал байгаа гэж харж болохоор байна.