Төрд ёсны хоёр мянганы ауга их түүхтэй Монгол Улс маань дэлхий нийтийн жишгийн дагуу Бүгд найрамдах улсаа тунхагласан Үндсэн хууль батлан сахиснаас хойш 95 жилийн түүхээ бичжээ.
Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталжээ Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр,туурга тусгаар оршиж,мандан бадрахын маань хамгийн том хуулийн баталгаа билээ.
Өдгөөгөөс 95 жилийн өмнө буюу 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталж байсан юм.
Анхдугаар Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй ба 1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Улсын Бага Хурлын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулж, харин лам болоод угсаа гарвалтай хүмүүсийн сонгох,сонгогдох эрхийг хязгаарлаж өгсөн байдаг юм. Ингэж ангич намч үзлийг дэвэргэх, улмаар ойрын бодолтой ментшевик үзэл санаатнууд большивекуудаасаа илүү гаран тодорч улс орон даяар их хэлмэгдүүлэлт хийх завхралын үүдийг нээсэн юм. Гэхдээ анхны Үндсэн хуулийн эхийг аль олноо өргөгдсний хоёрдугаар оноос бюу Богд хаант Монгол Улсыг байгуулсны дараа жилээс судлан боловсруулж байсан түүхтэй юм.
Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хууль
Дэлхийн хоёрудгаар дайн эхэлсэн хүнд он жилүүдийн эхэнд шахуу Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хуулийг 1940 оны зургадугаар сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар баталсан түүхтэй юм. Түүхээс үзвэл Хоёрдугаар Үндсэн хууль 12 бүлэг, 95 зүйлтэй. 1940 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор /1941.02.14/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь “БНМАУ нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Увс, Сэлэнгэ аймгууд ба Улаанбаатар хотоор бүрдэл болгож тогтооно” хэмээн зааж,засаг захиргааны нэгжийн одоогийн суурь бүтцийг батламжилж өгсөн байдаг. Анхдугаар үндсэн хуулиар лам,угсаа гарвалтай хүмүүсийн сонгох,сонгогдох эрхийг хязгаарласныг цуцлаж их хэлмэгдүүлэлтээр 32000 хүнийг хэлмэгдүүлснийхээ алдааг “хүлээн зөвшөөрч” ядаж л сонгох,сонгогдох эрхийг бүхий л ардуудад тэгш эрхтэйгээр Мрнгол Улсын иргэний хувьд нь олгож өгсөн юм. Гэхдээ намаас өгсөн шийдвэрийн дагуу л сонгогдож,сонгож байлаа. Хоёрдугаар Үндсэн хууль нь ардын аж ахуйг хөхөүүлэн дэмжих бололцоог бүрдүүлж өгсөн бөгөөд 1945 оны 10-р сарын 20-нд тусгаар тогтнолын талаар бүх ард түмний анхны санал асуулгыг авахад улмаар 1962 онд НҮБ-д элсэхэд том түлхэц болсон юм. Тэр үед сонгох,сонгогдох эрх шашин шүтэх эрх чөлөөтэй эсэхийг туйлын хянамгай шалгаж бодит байдлыг нь газар дээр нь ирж шалгаж байсан түүхтэй юм.
Монгол Улсын гуравдугаар Үндсэн хууль
Нам төвтэй төрийн тогтолцоог баталгаажуулж, төр,иргэн хоёр намын дарангуйлалын дор зэрэгцэн оршиж,нийгэм журмыг байгуулах үзэл санаатай,баримтлалтай,Монгол Улсын гуравдугаар Үндсэн хуулийг 1960 оны долдугаар сарын 6-ны өдөр баталжээ.
Намч,ангич зарчмыг тунхаглан баталгаажуулсан гуравдугаар Үндсэн хууль 10 бүлэг, 94 зүйлтэй. 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Ардын Их Хурлын IX удаагийн III чуулганаар /1978.12.26/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд:
“БНМАУ-д гагцхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Бүгд Найрамдах Монгол Улсын Сайд нарын Зөвлөл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын байнгын комисс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатууд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор хууль санаачлах эрхтэй.
Монголын Үйлдвэрчний Эвлэл нь Төв Зөвлөлөөрөө, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл Төв Хороогоороо уламжлан хууль санаачлах эрх эдэлнэ.” гэж заажээ. Ингэж хууль тогтоох эрх мэдлийг баталгаажуулж өгсөн боловч Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын сонгууль болоод иргэдийн хэн нь сонгогдох эрхийг зөвхөн МАХН-ын удирдлагууд шийдэх эрхтэй болгожээ.
Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль
1986 оноос хойш Зүүн Европын орнуудад сэргэсэн ардчилалын үзэл санааны үр нөлөө, тухайн үедээ капиталист гэгдэх орнуудын ил далд санхүүжилтийн үр нөлөөгөөр эрх чөлөөний үнэлэмж өөрчлөгдсөн юм. Нийгэм журмыг байгуулах үзэл санаа нуран унаж, ЗХУ гэх дарангуйлагч гүрний чадамж нуран унахын хирээр тулан түших ах дүүгүй болцгоож СЭВ-ийн системийн орнууд тэр чигээрээ сэхээний тасагт шилжсэн хүнд үе тохиосон юм. Чухам тэр үед буюу 1990 оны цагаан морин жил социализмын хөмөрсөн тогоон дотроо цагаан морь унан нийгэм журмыг байгуулан алгасахаар давхиж явсан морьтон Монголчууд нийгмийнхээ үнэт зүйлийн үнэлэмж нь болсон МАХН гэгч “хаанаа шав шалдан хулгайч” болохыг нь мэдэж,нэрийг нь хэлэхээс айдаг байсан Чингэс хаантайгаа мэдэж, эрх чөлөөний төлөө боссон юм. Афганистанд бут цохиулсан зөвлөлтийн арми, Англи, Герман, АНУ-ын шахалтаар социалист орнуудаас ЗХУ цэргээ татан гаргаж, ардчилагчдын өмнөөс хөдөлгөх танкууд цөөрсөн юм.
Оросын арми нутагтаа буцаж, харин Монгол түмэн улсынхаа хэргийг өөрсдөө шийдэх эрхтэйгээ ухаарсан юм. Ингэж л Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Хэдийгээр оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй ,МУ-ын Үндсэн хуультай болсон ч гэсэн Засгийн газрын Ерөнхий сайд,сайд нарыг томилох, УИХ-ын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, бүх ард түмнээс сонгогддог мөртлөө УИХ-даа тангарагаа өргөж ажлаа хариуцдаг Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэрхэн тайлбарлахаас бас хууль тогтоох эрх мэдлийг яаж хуваарилан ойлгож, засаглалын эрхээ аль нь илүү эдлэхээс шалтгаалсан системийн хямрал нүүрлэсэн юм. Нам төвтэй төрийн тогтолцоог халж иргэн төр хоёр хуулийн дарангуйллын дор зэрэгцэн оршихыг баталгаажуулж өгсөн боловч шилжилтийн үеэ цэглэж,амьдралын доройтлоо арилгахаар хийсэн өөрчлөлт шинэчлэлүүд Үндсэн хуулийн хямралд хүргэсэн. Харьцангуй залуухан настай гэгдэх эцэг хуулиндаа 2 удаа томоохон нэмэлт өөрчлөлт оруулж бүр дагаж мөрдөх журмын тухай хуулийг нь батлан хэрэгжүүлж байгаа ч гэсэн энэ сард оруулсан 19 заалттай 34 орчим зүйлийн нэмэлт өөрчлөлт нь хамгийн томд нь тооцогдож байна. Өмнө нь Үндсэн хуульд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт:
“Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана” гэсэн заалт нэмсэн нь давхар дээлний зовлонг улстөрийн намуудад, улстөрийн системд халдвар мэт тараасан юм.
Үүнээс болоод МУ-ын хууль тогтоох,төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын эрх мэдэл нь зөвхөн намуудад хамаарах зүйл болж улмаар ард олны маань төрдөө итгэх итгэл алдагдсаар ирсэн юм. Гэхдээ тэр бүх бэрхшээлийг бид таван туулж, олонхийн дарангуйлалыг тогтоосон сонгуулийн ардчилалтай бас чиг гэж төр нь дээрэмддэг ч гэсэн хувийн өмчийг хамгаалсан хуультай туурга тусгаар улс орон болжээ.
Сэтгүүлч Л.Пүрэвням