Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос санаачлан зохион байгуулж байгаа “Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан”-д 21 аймаг, 9 дүүрэг, Улаанбаатар хотын баг болон Тува улсын 1 баг, нийт 32 баг эхний 2 шатанд сугалаагаар хасагдах журмаар барилдахад бэлэн болжээ.
Тус шатнаас шалгарсан 8 баг хоорондоо тойргоор барилдаж аваргаа тодруулна. Энэхүү тэмцээнийг 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 6 дугаар сар хүртэл тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах бөгөөд цуврал барилдааныг тэгш тоотой 10, 12, 2, 4, 6 дугаар сарын эхний хагасын даваагаас пүрэв гарагт барилдуулах юм байна.
“Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан”-ы нийт шагналын сан 650.000.000 төгрөг байх бөгөөд түрүүлсэн баг 200.000.000 төгрөг, шилжин явах “Алтан цом”, хоёрдугаар байрт шалгарсан баг 50.000.000 төгрөгөөр урамшуулах юм.
Мөн түрүүлсэн багийн хамгийн олон даваа авсан бөх “Шилдэг бөх”-ийн “Алтан цом” гардана. Багийн барилдаанд ялсан баг тус бүр барилдаан бүрийн дараа 5.000.000 төгрөг гардан авах юм байна. Мөн барилдааны нэг давааг 100.000 төгрөгөөр тооцож урамшуулал олгоно.
МҮБХ-ны “Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан”-ы тасалбар худалдаанд гараад эхэлжээ. Эхний шатны барилдаануудын хуваарийг бөх сонирхогчдод танилцуулж байна.
10.01-нд 14 цагаас Орхон – Сүхбаатар
10.01-нд 18 цагаас Архангай – Хэнтий
10.02-нд 14 цагаас Багануур – Дорноговь
10.02-нд 18 цагаас Говь-Алтай – Увс