“ТЭРБУМ МОД” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн намрын Бүх нийтээр мод тарих өдрүүдэд 10 000 модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарихаар төлөвлөсөн.
ҮЦХ нь сүүлийн 2 жилд тарих модны хэмжээгээ 5-10 дахин нэмэгдүүлсэн учир өөрсдийн мод үржүүлгийн газрын тарьц, суулгацын нөөц тасрахад хүрээд байсан юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд суулгацын дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсны дагуу түргэн шуурхай, сайн чанарын 10 000 орчим 14 төрлийн модны суулгацын дэмжлэг үзүүллээ.
Эдгээр голт бор, монос, хүрэн навчит монос, гүйлс, үхрийн нүд, агч, хайлаас, шар хуайс, улиас, гацуур, алимны мод, бургас, хүрэн навчит барбарис, пузыреплодник зэрэг модны суулгацыг 10 сарын 8,9-ны өдрүүдэд тарилтад гаргах бөгөөд ҮЦХ-ийн Захирал Ү.Оюунзул “тарьсан бүх модоо арчилж, хамгаалж, хайрлаж ургуулах болно” гэж онцоллоо.