Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 545.2 (28.6 хувь) тэрбум ам.доллароор нэмэгдсэн гэж ҮСХ-оос мэдээлжээ.
Үүнд барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 380.2 сая, үйлчилгээний худалдааны алдагдал 204.1 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Харин урсгал дансны алдагдал энэ оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас 183.2 сая ам.доллароор багасаж, 34.1 сая ам.доллар болсон байна.
Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 803.5 сая, зарлага 2.2 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 253.6 сая, зарлага 457.8 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Үйлчилгээний худалдааны алдагдал 2022 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 204.1 сая ам.доллароор өсөж, 1.4 тэрбум ам.доллар болжээ.
Хөрөнгийн данс энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 106.4 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 19.4 сая ам.доллароор нэмэгдэв. Мөн 2022 оны 9 дүгээр сард 24.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 58 сая ам.доллароор нэмэгджээ. Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 236.1 сая ам.доллароор нэмэгдлээ. Харин энэ оны 9 дүгээр сард 189.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 299.7 сая ам.доллароор багасжээ. Төлбөрийн тэнцэл 2022 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 778.7 сая ам.доллароор нэмэгдэв. Харин энэ оны 9 дүгээр сард 163.1 сая ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх сарынхаас 368.3 сая ам.доллароор нэмэгдсэн байна.