НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр Нийслэлийн Биеийн тамир, спорт хороо болон Нийслэлийн Соёл, урлагийн газарт ажиллалаа. Хүний хөгжлийн хороог НИТХ-ын Төлөөлөгч Ү.Оюунзул ахалдаг бөгөөд хүний хөгжлийг дэмжих, чадавхжуулах, хөгжүүлэх чиглэлээр Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй байгууллагын бодлого, уялдаа холбоог хангах, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажилладаг.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүдэд өөрийн удирдаж буй газрынхаа талаарх товч мэдээллийг өглөө.

Түүний танилцуулгатай холбоотой хорооны гишүүн, Төлөөлөгч Б.Мөнхбаатар “Хүүхэд залуус аливаа спортоор хямд үнээр хичээллэх хүртээмж, боломжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Анги хамт олон, найз нөхдөөрөө заал авах, бялдаржуулах төвд явах, бассейнд сэлэх болон бусад спортоор хичээллэх гэхээр үнэтэй эсвэл танхим, сургалтын газар, тоног төхөөрөмж дутагдалтай байгаа нь анзаарагддаг. Үүнд хэрхэн анхаарах вэ” гэв. Харин Төлөөлөгч Ж.Сандагсүрэн “Нийслэлийн хэмжээнд хэчнээн шигшээ баг, тамирчин байна вэ. Энэ чиглэлд хэдэн төгрөгиийн санхүүжилт зарцуулдаг вэ. Нийтийн эрүүл мэндийг сайжруулахад яаж анхаарах вэ” зэргийг асуув.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг “Бүх нийтийн марафон зэрэг олныг хамарсан сайн ажлаа онцолъё. Тамирчид шагналын мөнгөө нэмээч гэдэг бол ХБИ-д зориулсан спортын арга хэмжээ дутагдаж байгаад гомдоллодог. Гэтэл манай газарт өөрийн гэсэн биеийн тамирын заал, талбай байхгүй. Хүн хүч, хөрөнгө төсөв дутагдалтайгаас болж үйл ажиллагаагаа нийтэд хүртээмжтэй, олон нийтийн оролцоог хангах хэлбэрээр явуулж чадахгүй байна” гэлээ.
Хүний хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Ү.Оюунзул “Спорт бол олон нийтэд хүчтэй нөлөө үзүүлдэг, нийгмийн бүх насныхны анхаарлыг татаж чаддаг онцлогтой салбар. Тиймээс салбарын нөлөөлөгч, инфлүүнсэр нартайгаа хамтарч ажилла. Хүн хүч, санхүү мөнгө бага гээд суух биш салбарынхаа давуу талыг ашиглаж олон нийтэд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа хүргэ. Ахмадууд руу чиглэсэн, тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд анхаарсан ажил санаачлаач гэж хүсье. Энэ чиглэлд бид бүхэн хамтын ажиллагааны болон бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэдгээ илэрхийллээ.

Үүний дараа Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш байгууллагынхаа бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, төсөв санхүү, хийж хэрэгжүүлж байгаа ажил, шийдвэрлэх шаардлагатай бэрхшээл, цаашид хийхээр төлөвлөсөн зорилтоо танилцууллаа. Тэрбээр “Манайх ISO-9001 нэвтрүүлсэн байгууллага. 18 хүний бүрэлдэхүүнтэй. Он гарсаар “УБ хотын циркийн өдрүүд-2025”, “Нүүдэлчин”, “Монгол өвлийн фестиваль”, “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа, “Их хотын бүсгүйчүүд” зэрэг нэгдсэн арга хэмжээг зохион байгуулаад байна. Одоо бид 5-12 сар хүртэл “Бүтээлч хот” төслийг хэрэгжүүлнэ.
“Asian Folk-2025” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын 9 дэх удаагийн наадам, “УБ хотын брэнд үйл ажиллагаа”, Бөмбөгөр театрын “Морьтны гайхамшиг” циркчилсэн тоглолт, “Нүүдэлчин” фестиваль, “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд” зэрэг 12 орчим томоохон арга хэмжээг зохион байгуулна” гэв.
Хүний хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Ү.Оюунзул “Хүүхэд залууст чиглэсэн урлагийн болон эрүүл, чийрэг явахын ач тусыг ойлгуулсан боловсролыг яг үнэндээ бидний хүүхдүүдэд даруухан хэдэн дуу хөгжмийн болон биеийн тамирын багш нар сургууль, цэцэрлэгийн орчинд нь олгож байна. Тиймээс энэ мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч нарынхаа оролцоог хангасан, тэдний үйл ажиллагааг дэмжсэн ажил хийе. Ахмад настнуудын хөгжлийг, тэдэнд чиглэсэн урлаг, соёлын үйлчилгээг орхигдуулж болохгүй. Урлаг, соёлын боловсрол гэдэг хувь хүний ухамсар, биеэ зөв авч явах, нийгмийн соён гэгээрэлд шууд нөлөөлдөг. Тиймээс хүний хөгжлийг бүх түвшинд дээшлүүлэхэд НСУГ болон НБТСГ-тайгаа нягт хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
