Нүүр хуудасНийгэмӨнгөрсөн онд онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8260 хүний амь нас, 372.2...

Өнгөрсөн онд онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8260 хүний амь нас, 372.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна

Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2023 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2024 ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” өнөөдөр эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож хэлсэн үгэндээ “2023 онд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8260 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 372.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Цаашид, 2024 онд Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд иргэдийн бодит орлогыг хамгаалах, хот хөдөөгийн сэргэлтийг дэмжих, онц чухал шаардлагатай салбарын чадавхийг бэхжүүлэх зорилготой төсөв батлуулан, хэрэгжүүлж эхлээд байна.

Онцгой байдлын салбарын техник технологийн шинэчлэл, мэргэжлийн сургалтын төвийн бүтээн байгуулалтыг дуусгах зэрэгт нийтдээ 15 тэрбум төгрөг төсөвлөн баталсан. Мөн энэ онд олон улсын стандартад нийцсэн Гамшгийн үеийн нэгдсэн удирдлагын төвийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ төв нь холбооны техник, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах, гамшиг, аюулыг зарлан мэдээлэх системийг өргөжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах, цахим үйлчилгээний хэрэгжилтийг зохион байгуулах, гамшиг, аюулт үзэгдлийг зайнаас тандан судлах, GIS хөгжүүлэх, сансарын хиймэл дагуулын болон цаг агаарын мэдээллийг шуурхай боловсруулах зэрэг арга хэмжээг шинэ шатанд гаргах болно” гэлээ.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна.

Энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх тус цугларалтаар удирдах ажилтны манлайлал, хөгжлийн чиг хандлагын талаар шинэ мэдээлэл өгөх сургалтуудыг зохион байгуулж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа нэгж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН