Нүүр хуудасМэдээ “Өнгө нэм” төрийн бус байгууллагаас санаачлан “ДАХИН БОЛОВСРУУЛЦГААЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ

 “Өнгө нэм” төрийн бус байгууллагаас санаачлан “ДАХИН БОЛОВСРУУЛЦГААЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ

Хог хаягдлаас үнэ цэнэ бий болгох “Go Recycle” буюу “Дахин боловсруулцгаая” аян эхэллээ. “Өнгө нэм” төрийн бус байгууллагаас санаачлан 2024-2027 онд хэрэгжүүлэх энэхүү аянаар иргэд болон аж ахуйн нэгжүүдийг хог хаягдлаа ангилан ялгахад уриалж, мэдлэг олгох замаар дадал зуршил болгоход нөлөөлөх юм. 

Монгол Улсад 2022 оны байдлаар жилд 2.8 сая тонн хэмжээний хог хаягдал гарч байгаагаас хамгийн багадаа 22-30 хувь нь дахин боловсруулагдах боломжтой. Гэвч иргэд болон ААН-үүд мэдлэг дутуу байгаагаас төвөгшөөж хог, дахивар хоёрыг нэг саванд хийж байна. Энэ талаар “Өнгө нэм” ТББ-ын тэргүүн Н.Амгалан-Эрдэнэ “Өнөөдөр манай улс хог хаягдлынхаа 7.6 хувийг л дахин боловсруулж байна. Ангилан ялгалтыг дадал зуршил болгох төслийг урт хугацаанд хэрэгжүүлэх зорилго нь дор хаяж 22 хувьд  хүргэх юм. Нэг үеээ бодвол манайд дахин боловсруулах үйлдвэрүүд хөгжиж мөн иргэд, ААН-үүд хог хаягдлаа ангилан ялгах хүсэлтэй болсон хэдий ч арга барилаа олохгүй байна. Тиймээс олон нийтэд цэгцтэй мэдлэг ойлголт өгч, хог хаягдлын ангиллыг сайжруулснаар боловсруулах үйлдвэрүүдийг цэвэр түүхий эдээр хангах хэрэгцээ бий” хэмээв. 

Жишээ татахад, 2021 онд жилд 20 мянган тонн хуванцар дахин боловсруулах үйлдвэр, жилд 11 мянган тонн цаасан хайрцаг боловсруулах үйлдвэрүүд нээлтээ хийсэн.  Түүнчлэн аюултай хог хаягдал дахин боловсруулах Монгол Улсын анхны үйлдвэр 2024 оны 3-р сарын 1-нд нээлтээ хийсэн гээд энэ салбарт ахиц дэвшил гарсаар байна. Тиймээс иргэд, олон нийтэд хог хаягдлын мэдлэг ойлголтыг өгч дахин боловсруулагдах хог хаягдлыг хүрэх ёстой газарт нь хүргэх нь уг аяны зорилго юм. 

“Дахин боловсруулцгаая” аяны хүрээнд дахин боловсруулагдах хог хаягдлыг боловсруулах үйлдвэрт хүргэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж байна. Иймээс эхний жилд нийслэл Улаанбаатарт аяныг хэрэгжүүлэх бол цаашлаад 21 аймаг руу хүрээгээ тэлэхээр төлөвлөжээ.

“Дахин боловсруулцгаая” аянаар зөвхөн бий болгосон хог хаягдлаа ангилаад зогсохгүй, хэтийдсэн хэрэглээгээ танах, дахин ашиглалтыг эрхэмлэх, байгальд ээлтэй савлагаа болон өөрийн улсад дахин боловсруулах боломжтой сав баглаа боодлоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, импортлох боломжийг эрэлхийлэхэд төрийн бодлого, дахин боловсруулах үйлдвэрүүдийн уялдаа холбоог сайруулах чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж  Н.Амгалан-Эрдэнэ хэллээ. “Өнгө нэм” ТББ нь хог хаягдлын менежментийн чиглэлээр 2017 оноос эхлэн 10 гаруй нийгмийн төслийг хамтран болон бие даан хэрэгжүүлсэн. Хамгийн сүүлд гэхэд гялгар уут дахин боловсруулах “Пластик центр” ХХК, “Лантуун дохио” ТББ-тай хамтран “Хогийг ч, хүчирхийллийг ч зүгээр битгий хая” уриатайгаар гялгар уутны хаягдал цуглуулж, олсон орлогоор гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН