Дэлхий дахинд коронавирусийн омикрон ВА4, ВА5 хувилбарын давлагаа явагдаж байна. Тиймээс Монгол улсын эрүүл мэндийн яамнаас иргэдийг дөрөвдүгээр тунгийн вакцинд хамрагдахыг уриалж эхлээд байна.
Мөн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан 5-11 настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.
5-11 насны хүүхдүүдэд вакцин хийхдээ насанд хүрсэн хүнд хийх тунгийн гуравны нэгээр хоёр удаа хийнэ. Ингэснээр дээрх насны хүүхдүүд халдвараас 90 хувь хамгаалагдах боломжтой. Мөн дээрх насны хүүхдүүдэд АНУ-ын “Pfizer” компаниас оруулж ирсэн бага насны хүүхдэд зориулсан тусгай савлагаатай вакциныг хийх юм.
Тухайн вакцин сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа учраас вакцин хийлгээгүй бол сургууль, цэцэрлэгт оруулахгүй гэсэн зүйл байхгүй гэдгийг албаны хүмүүс онцолж байна.
Эцэг эхчүүд 5-11 насны хүүхдээ вакцинжуулалтад хамруулах бол харьяа дүүрэг харгалзахгүй вакцинжуулалтын цэгт очих боломжтой юм.