Нутгийн иргэд уул уурхайн шийдвэр гаргалтад оролцдог сайн жишиг тогтжээ. Энэ талаар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хамтын ажиллагааны хорооныдарга Н.Баттулгатай ярилцлаа.
-Хамтын ажиллагааны хороо хэдэн онд ямар шаардлага, зорилгоор байгуулагдсан бэ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хэрэгжүүлсэн төслийн үр дүнд байгуулагдах нөхцөл бүрдсэн гэж сонссон. Энэ талаар ярина уу?
– Уул уурхайн Хамтын ажиллагааны хороо анх 2017 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд байгуулагдсан. Төслийн зорилго нь манай сумын нутаг дэвсгэрт буй нүүрсний уурхайнуудтай хамтын ажиллагааны хүрээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлтийг хууль журмын хүрээнд хийж хэвшүүлэх, мөн дүйцүүлэн хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлэх механизм бүрдүүлэх явдал байсан юм. Анх хамтын ажиллагааны хороог байгуулахдаа уул уурхай эрхэлдэг компаниудыг хариуцлагажуулах, сум орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийлгэх, ашиг шимийг нь нутгийн иргэд хүртэх ёстой гэсэн агуулгаар хамтын ажиллагааны хорооны журмыг боловсруулж, мөрдөн ажиллаж ирлээ.
-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй бэ. Хэрхэн сонгодог, олон нийтийн оролцоог хангаж чаддаг уу. Энэ жил гишүүдээ өөрчилсөн үү?
Хамтын ажиллагааны хорооны хурал жилд хоёроос доошгүй удаа болж тухайн жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх жилд хийх ажлын төлөвлөгөөг баталж, Засаг даргатай гэрээ байгуулснаар гэрээний үүргээ хэрэгжүүлж ажилладаг. Хороо есөн гишүүнтэй, жил бүр гишүүдээ шинэчилдэг. Хороонд уурхайн төлөөлөл гурав, нөлөөллийн бүс буюу багийн төлөөллөөс гурав, Засаг даргын Тамгын газраас гурван хүнийг оруулж Засаг даргын захирамжаар гишүүдийг баталж ажилладаг. Багаас хороонд суух төлөөллийг жил бүрийн намар Багийн ИНХ-аар хэлэлцүүлж сонгодог. Мөн ямар ажил хийх шаардлагатай талаар иргэдээс санал авдаг.
-Уул уурхайн ямар компанитай хамтарч ажилладаг вэ. Хамтран ажиллахад бэрхшээл бий юу?
– Манай сумын Хар алтат багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Хотгор, Жанат гэсэн уул уурхайн компаниудтай хамтран ажилладаг. Хамтран ажиллахад бэрхшээл байхгүй. Хамтын ажиллагааны хорооны хурлаар асуудлаа ярилцаад шийдвэрлэдэг. Хурлаар талуудын эрх ашиг, бэрхшээлийг харилцан ойлголцож, гарц гаргалаа олж шийдвэр гаргадаг юм. Хамтын ажиллагааны хорооны ажил тогтмолжсон, үүрэг хариуцлагаа бүгд ойлгож ажилладаг нь давуу тал гэж хэлж болно.
-Өнгөрсөн хугацаанд уул уурхайн компаниудын зүгээс хэдий хэмжээний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийв?
– Хамтын ажиллагааны хороо байгуулагдаад долоон жил болсон байна. Энэ хугацаанд дээрх 2 уурхайгаас нийт 1 тэрбум, 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Хамтын ажиллагааны хорооны жил бүрийн ажлын төлөвлөгөөнд сумын нийт өрх айл бүрт 2 тонн нүүрс үнэгүй олгож байхаар тусгасан. Энэ ажил хэрэгжээд явж байна.
-Хамтын ажиллагааны хороо саяхан хуралджээ, хурлаар ямар асуудлыг хэлэлцэв?
-Хамтын ажиллагааны хороо нэгдүгээр сарын эхээр хуралдсан. Хурлаар сумын 100 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан ой зохион байгуулах асуудлуудтай холбоотой асуудлыг авч хэлэлцэж шийдвэрлэсэн. Сумын ИТХ-ын хуралдаанд хамтын ажиллагааны хорооны өмнөх жилийн ажил, ирэх жил хийхээр төлөвлөж буй ажлын талаар хэлэлцүүлж, саналыг нь авч үйл ажиллагаандаа тусгаж ажилладаг.
-Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажил тусгадаг уу? -Байгаль орчныг хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж ирсэн. “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр мод бут тарих ажлыг эхлүүлээд явж байна. Мөн хот тохижилтын хоёр ажилтныг уурхайгаас тогтмол цалинжуулж, сумын төвийн хог хаягдлыг ангилах, торон хашлага хийх, хараа хяналттай болгох, сумын гудамж талбайг цэвэрлэх зэрэг ажил хийснээр сум орон нутгийн өнгө үзэмж сайжирч байна.