Засгийн газрын ээлжит хуралдаан 2018.03.27-ны өдөр боллоо
06-р сарын 01-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн барьсан Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор 2018 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл бүх аймаг, суманд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов. Мөн шүлхий өвчний голомттой болон өвчин илэрсэн аймаг, сумдад малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон байна.
Шүлхий өвчин тараасан, хорио цээрийн дэглэм зөрчсөн, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцохыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгов.
Царцсан 1562 айлын орон сууцны барилгыг энэ онд ашиглалтад оруулна
“Төрийн орон сууцны корпораци”-д бүртгэлтэй байсан Говь-Алтай /120/, Дундговь /20/, Орхон /315/, Хөвсгөл /135/, Улаанбаатар хотод /972/ байх нийт 1562 айлын орон сууцны дуусаагүй барилгыг Хөгжлийн банкны балансад шилжүүлэв. Барилгыг гүйцээн барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, энэ онд ашиглалтад оруулахыг банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгалаа.
Барилгуудыг ашиглалтад оруулсны дараа түрээсийн орон сууцны санд шилжүүлэх асуудлыг дахин авч үзэхээр болжээ.
16 аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүй болгов
Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал, дүгнэлтийг үндэслэн нэр бүхий 16 аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд Б.Батзориг болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын дарга нарт үүрэг болголоо.
Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлт гаргаагүй, зөвшөөрлөө хүчингүй болгох хүсэлт гаргасан, зөвшөөрлийн хугацааг сунгаагүй байхад үйлдвэрлэл явуулж, борлуулалт хийсэн, үйлдвэрлэл нь зогссон, аж ахуйн нэгж нь татан буугдсан, үйлдвэрийн байргүй болсон, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй зэрэг үндэслэлээр зөвшөөрлийг нь цуцлах санал гаргасан байна.
Цэргийн дүйцүүлэх албыг таван сая төгрөгөөр орлуулан хаана
Цэргийн дүйцүүлэх албыг 2018 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөний хэмжээг 5,070,990.0 /таван сая далан мянга есөн зуун ер/ төгрөг байхаар тогтлоо.
Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах үйл хэрэгт суралцаж, байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах, орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд оролцдог юм.
Мөн “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 44.6 хувьтай байна
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны эцсийн байдлаар 44.6 хувьтай гарчээ. Бодлогоор нь авч үзвэл :
– Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 53.9
– Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39.8
– Нийгмийн бодлого 46
– Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 41.2
– Засаглалын бодлого 47.2 хувьтай байна.
Товч мэдээ
– Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 03 дугаар сарын 19-24-нд Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж, орон нутгийн удирдлагуудын хийж хэрэгжүүлсэн ажил, цаг үеийн ажилтай танилцан, иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон. Нутгийн удирдлага, иргэдээс Ерөнхий сайдад хандаж тавьсан зарим тулгамдсан асуудал, санал, хүсэлтийг шийдвэрлэх чиглэлээр ажиллахыг сайд нарт даалгалаа.
-Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Үүнтэй холбогдуулан зорилт, арга хэмжээний биелэлтийг тайлагнахдаа зарцуулсан хөрөнгийн хэмжээг тодорхой заах, Үндсэн чиглэлд заасан зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг тухайн жилийн хүрсэн түвшинтэй харьцуулан үнэлж байхыг сайд, холбогдох агентлагийн дарга нарт даалгалаа.
– “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын энэ оны 43 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар сайд Н.Цэрэнбат, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар танилцуулав.
– “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, “Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулиудын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөл батлагдсанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр ажиллах нөхцөл бүрдэх юм.
– Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төсөл”- ийн Зээлийн хэлэлцээрийг дэмжив. Зээлээр хоёр сургууль, найман цэцэрлэг шинээр барьж, найман сургууль, 16 цэцэрлэгийг өргөтгөхөөр төлөвлөжээ. Мөн боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөвлөлтийг сайжруулж, чадавхийг бэхжүүлэх юм.
– “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. Төсөл хэрэгжвэл хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээ шинэчлэгдэж, хог хаях цэгүүдийн хүчин чадал дөрвөн сая тонноор нэмэгдэнэ. Хотод ялгарч байгаа хүлэмжийн хэмжээ жилд 18 тонноор буурч, 100 мянган тонн барилгын хог хаягдлыг боловсруулж ашиглах боломж бүрдэх юм.
– “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн тавдугаар сарын гуравдахь долоо хоногт зохион байгуулж байхаар тогтов. Энэ нь хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг хүүхдүүдэд төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг зорилготой юм.