Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр нийслэлийн удирдлагуудтай шинэ нисэх онгоцны буудал, нийслэлд түүхий нүүрсийг оруулахгүй байх Засгийн газрын шийдвэр зэрэг цаг үеийн асуудлаар ярилцаж, үүрэг даалгавар өглөө. Тодруулбал, Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон автозам энэ оны аравдугаар сард, шинэ нисэх буудал ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орох юм.
2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэнэ зэрэг Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс дагуул хот, дэд төв, тосгон, үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө мөнгөнөөс эхлээд бүх талын дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Зарим агентлаг, төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгосон байна. Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын эдгээр зорилтыг ажил хэрэг болгох гарц, шийдлийг энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг хотын удирдлагуудад үүрэг болгожээ.
Харин үүний хариуд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “2019 оны долоодугаар сард нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Яармаг дахь шинэ байрандаа нүүж очих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Яармаг орчим Улаанбаатар хотын шинэ төв болно. Төвлөрлийг сааруулж, дагуул хот бий болоход хотын захиргаа нь түрүүлж нүүдэг жишиг олон улсад байдаг” хэмээн хэлжээ.
Уулзалтын үеэр мөн шинээр баригдах сургууль, цэцэрлэг, өргөтгөлийн барилгын асуудлыг ярилцсан аж. Энэ онд 34 сургууль, 52 цэцэрлэгийн барилгын ажил эхлэхээр улсын төсөвт суулгасан юм. Эдгээрээс 16 сургууль, 23 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн гурван цогцолборын эрх нийслэлд шилжиж ирсэн байна.
Одоогийн байдлаар нийт 17 сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг нийслэлийн Газрын албаны дарга танилцуулаад газар чөлөөлөх нөхөх олговорт 26 тэрбум төгрөг шаардлагатай байгааг хэлжээ.