Нүүр хуудасНийтлэл2020 ОНД ЯМАР ҮЙЛ ЯВДАЛ ӨРНӨВ

2020 ОНД ЯМАР ҮЙЛ ЯВДАЛ ӨРНӨВ

ХАЛДВАРЫГ ДОТООДДОО АЛДААГҮЙ 10 САР

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш маш хурдацтайгаар дэлхий нийтийг хамарсан. Дэлхийн бараг бүх улсад халдвар тархаад байхад Монгол улс харьцангүй тайван байлаа. Хэдийгээр дотооддоо халдвар тархаагүй ч хүн бүр маск зүүж, гараа ариутгах хэвшилд суралцав.

ТЕЛЕ ХИЧЭЭЛ НЬ ХҮҮХДҮҮД, БАГШ НАРЫН ХУВЬД ШИНЭ СОРИЛТ БОЛЛОО

Цар тахлыг улмаас он гармагц бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоож хичээлийн жил дуустал теле хичээлээр боловсрол олгох шийд гарав. Гэхдээ теле хичээл сурагч, багш нарын хувьд шинэ сорилт байлаа.  Мөн эцэг эхчүүдийн оролцоог ч нэмэгдүүлэв. Эцэг эхийн хяналтан дор теле хичээлээ алгасалгүй үздэг хүүхэд байхад, хяналт сул, эсвэл амьдралын боломж тааруу хүүхдүүд сургалтын гадна үлдэж орхигдох магадлал их байгаа юм.

Дэлхийгээр тархсан 27 МЯНГАН ИРГЭН гэртээ эргэж ирлээ

Ковид-19 халдвар дэлхий нийтээр тархмагц хүн бүр гэртээ харихаар тэмцэв. Цар тахлын улмаас хилийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор гадаадад байгаа, нутаг буцах хүсэлтэй Монголчуудыг татан авах ажиллагааг ЗГ зохион байгуулав. Өнгөрсөн хугацаанд 27729 иргэн эх орондоо ирсэн ба агаарын замаар 93 улсаас 21092 иргэнийг 111 нислэгээр татан авч ирсэн бол ОХУ, БНХАУ-аас авто замаар 6637 иргэнийг эх оронд нь авчиржээ.

 ЗОЧИНГҮЙ ЦАГААН САР, ҮЗЭГЧГҮЙ НААДАМ

Цар тахлын улмаас Монголчууд хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сар, үндэсний баяр наадмаа цомхон тэмдэглэв. Цагаан сарын баяраар ахмад буурлууддаа зочилолгүй өнгөрүүлж улсын баяр наадмын арга хэмжээг цахимаар явуулав.

МАН-ЫН ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ- 2020 ОНЫ СОНГУУЛЬ

2020 он улс төрийн сонгууль болох онцгой жил байлаа. Тиймээс ч баяруудаа хорьсон ч сонгуулиа алгассангүй явуулав.  

Эрх баригч нам Улсын их хурлын болон Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийг хойшлуулалгүй явуулав.  Их хурлын сонгуульд Монгол Ардын нам дахин үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авсан бол Ардчилсан нам 11, бие даагчид болон Зөв хүн электорат, Та бидний эвслээс тус бүр нэг хүн сонгогдсон юм.

МОНГОЛЧУУД АНХ УДАА БАЯЛГИЙНХАА НОГДОЛ АШГИЙГ ХҮРТЭВ

1072 хувьцаа амь орно гэж олон жил ярисан амлалт биелэлээ оллоо.  “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, анх удаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараав.

COVID-19 ДОТООДОД БҮРТГЭГДЭЖ, МОНГОЛ УЛС АНХ УДАА БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ

Монгол Улс дотооддоо халдвар алдахаас арван сар сэргийлсний эцэст 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр тусгаарлалтаас гараад дөрөв хоносон олон улсын автотээврийн жолоочоос COVID-19 илэрч, анхны голомт бий болов

Ийнхүү хүн амын дунд халдвар гарсан тул Гамшгаас хамгаалах хуулийнхаа дагуу Монгол Улс анх удаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байна.

САНХҮҮГИЙН ХОРИГУУДААС ЧӨЛӨӨЛӨГДӨВ  

Монгол Улс 2020 оны аравдугаар сарын 24-нд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарав. Түүнээс гадна Европын Холбооны хар жагсаалтад багтсан байсан Монгол улсыг 2020 оны аравдугаар сарын 6-нд гаргах шийдвэрийг ЕХ-ны Сангийн сайд нар шийдвэрлэсэн. Ингэснээр Монгол улс санхүүгийн хоригуудаас 2020 онд ангижирч чадлаа.

МОНГОЛЧУУД АНХ УДАА ҮНЭГҮЙ ЦАХИЛГААН, ДУЛААН АШИГЛАХААР БОЛОВ

Цар тахал дотоодод гарсны дараа Засгийн газраас нийт өрх болон зарим ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг төрөөс даах шийдвэр гаргав. Түүнчлэн шахмал түлшний үнийг 75% хүртэл хямдруулсан юм. Ингэснээр бүх нийтээр нэг өвлийг тог дулааны асуудалгүй өнтэй өвөлжих болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН