3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээн Лозанн мастерс Швейцарын Лозанн хотод өнөө орой эхэлнэ. Дэлхийн шилдэг 14 баг оролцох тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн “Ulaanbaatar MMC Energy” баг өрсөлдөх бөгөөд тамирчид өчигдөр Швейцарыг зорьсон.
Прагад 7, Манилад 5-р байр эзэлсэн “Ulaanbaatar MMC Energy” баг энэ удаа C хэсэгт Бельгийн “Antwerp”, Сербийн “Belgrade Partizan” багуудтай тоглоно. Хэсгээс хоёр баг хасагдах шатанд шалгарах бөгөөд хэддүгээр байраар шалгарахаас шалтгаалан А хэсэгт тоглож буй Сербийн “Ub Huishan NE”, Пуэрто Рикогийн “San Juan”, Швейцарын “Lausanne Sport” багуудын нэгтэй таарах юм.


Энэ онд болох 12 цуврал тэмцээний дөрөв дэх нь Лозанн Мастерс юм. Тавдугаар сарын дундуур болсон улирлын нээлтийн Үцүномия, тавдугаар сарын сүүлд болсон Манила, зургаадугаар сарын сүүлээр болсон Прага мастерс тэмцээнүүдэд Сербийн “Ub Huishan NE” түрүүлсэн билээ.
Тэд гурван финалд АНУ-ын “Princeton”, нутаг нэгт “Liman Huishan NE”, “Belgrade Partizan” багуудыг хожсон юм.
Тэмцээнийг Unisport суваг шууд дамжуулна.