Монгол Улсад 1.3 сая буюу нийт хүн амын 36.2 хувь нь 0-17 насны хүүхэд байна. Жилд дунджаар 1500 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 2500-2800 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа бөгөөд хүүхэд ихэвчлэн хүний эрүүл мэндийн эсрэг гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, хулгайд эд зүйлээ алдах зэрэг гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.
Дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан үзэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага, хараа хяналт, цахим орчны зохисгүй хэрэглээ, хүүхдийн хүмүүжил төлөвшил, үе тэнгийн дээрэлхэл зэрэг байдлаас үүдэн хүүхэд хохирох үндсэн шалтгаан болж байна.
Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сард 41.844 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс хүүхэд хохирсон гэмт хэрэг 2128 бүртгэгдэж, 69.2 хувь нь Улаанбаатар хотод, 30.8 хувь нь орон нутагт тус тус үйлдэгдсэн байна.
Мөн хүүхдээс энэ оны эхний 10 сарын байдлаар 846 гэмт хэрэг үйлдсэн бөгөөд ихэвчлэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг зонхилон үйлдэн шалгагдаж байна.
Иймээс урьдчилан сэргийлэх ажил үр дүнтэй, иргэн аж ахуй нэгж байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэргийн гаралт бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх эрчимжүүлэх шаардлагатай байна.
“365 ӨДӨР БҮР АНХААРЧ ХАЙРЛАЯ” аяныг Цагдаагийн ерөнхий газар, “Премиум нексус”, CU, “Дижитал концепт, GS25” ХХК-тай / хамтран энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгмийн соёлыг бүтээх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг ахиулахад зорилгоор “365 өдөр бүр хүүхдээ анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ.
Энэхүү аяны үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр ирэх 2026 онд бүтэн зохион байгуулахаар төлөвлөсөн.
Энэ удаагийн аяныг “Эцэг эхийн үүрэг хариуцлага”, “Хүүхдийн хүмүүжил төлөвшил”, “Хорт зуршил”-аас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зэрэг үндсэн 3 чиглэлээр зохион байгуулж, эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхэдтэй зөв харилцах хандлага, ойлголтыг сайжруулах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд эерэг байдлаар нөлөөлөх нийгмийн дуу хоолойг нэгтгэх чиглэлээр зохион байгуулж байна.





