Нүүр хуудасМэдээ9-р сарын 16-22-ны хооронд Монгол улс 1сая тонн нүүрс экспортлов

9-р сарын 16-22-ны хооронд Монгол улс 1сая тонн нүүрс экспортлов

Монгол Улс долоо хоногт нэг сая тонн нүүрс экспортолсныг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Есдүгээр сарын 16-22-ны өдөр хүртэлх долоо хоногт 1316 автомашин, 402 чингэлэг тээврээр нэг сая 28 мянган тонн нүүрс экспортолсон байна.

Харин илүү урт хугацаанд буюу энэ он гарсаар есдүгээр сарын 22-ны өдөр хүртэл 17.8 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 48 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

2022 оны II улирлаас нүүрсний экспорт бага багаар нэмэгдсэн ч БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын дараа илүү эрчимжсэн юм. Мөн БНХАУ-ын талтай жилд нийлүүлэх нүүрсний хэмжээг 70 сая тонн хүргэхээр тохиролцсон нь экспортод эергээр нөлөөлж байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэж буй автомашины тоо 700 хүрэхэд ойрхон байгаа аж. Ганцмод боомтын удирдлагуудын мэдэгдсэнээр цаашлаад нүүрс тээврийн автомашины тоог 900 хүргэх боломжтой юм байна.

Бусад түүхий эдийн экспортыг харвал зэсийн баяжмалын экспорт нэг сая 63 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс найман хувиар өсжээ. Харин төмрийн хүдрийн экспорт гурван сая тонн болж, жилийн дүнгээр 48 хувийн бууралттай байна.

2022 оны төсөвт тодотгол хийж, энэ онд экспортлох нүүрсний хэмжээг бууруулснаар нүүрсний экспортын гүйцэтгэл 98.9 хувьтай байна. Харин эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 70 хувийн гүйцэтгэлтэй байгааг салбарын яам мэдээлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН