Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” арга хэмжээний хүрээнд Монголын эстрад, дуу хөгжмийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван жилийн турш үе үеийн сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн домогт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зургаадугаар сарын 28-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тоглолт 20:00-00:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд Монголын рок, поп хөгжмийн өнгийг тодорхойлсон үе үеийн шилдэг уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулах юм.
Хүндэтгэлийн тоглолтод Соёл-Эрдэнэ, Өргөө, Хонх, Niciton, Шар айраг, Дэлхий, Nisvanis, The Lemons хамтлагууд оролцож, өөрсдийн шилдэг бүтээлүүдээсээ хүргэнэ.
Мөн МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Г.Жаргалсайхан, МУГЖ Ч.Насантогтох, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУУГЗ Я.Одсүрэн, МУГЖ С.Бархас, МУГЖ С.Наран, МУГЖ Ж.Алтанцэцэг, гитарчин Өөжгий, дуучин Н.Наагий, Б.Наки, Б.Оюу, Б.Хонгор, Г.Тэнүүн, Б.Анужин нар оролцож, үзэгч сонсогчдод ая дуугаа өргөн барина.





