1957 онд баригдсан хоёр давхар барилгыг орчин үеийн стандарт бүхий таван давхар “Эрүүл мэндийг дэмжих төв” болгон шинэчилж, өнөөдөр албан ёсоор ашиглалтад орууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Улсын Их Хурлын гишүүд болон нийслэл, дүүргийн удирдлагууд оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ: “Олон хүний хичээл зүтгэлээр хоёр дахин хүчин чадалтай эмнэлэг ашиглалтад орсонд баяртай байна. Шинэ эмнэлэг иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол үзүүлэхэд Засгийн газар бүрэн дэмжлэг үзүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.” хэмээн онцоллоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Шинэ эмнэлэг зөвхөн эмчилгээ хийдэг газар биш, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх төв байх ёстой. Анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлж, дижитал шилжилт, хиймэл оюуны хэрэглээг эрчимжүүлэх нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн гол чиглэл юм.” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

“Эрүүл мэндийг дэмжих төв”-д Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн амбулаторийн 15 төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, 17 төрлийн оношилгоо, 5 төрлийн лабораторийн шинжилгээ болон яаралтай тусламж, өдрийн эмчилгээ, сэргээн засах, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байна.


Тус төвийг барих ажлыг 2020 онд эхлүүлж, улсын төсвөөс 4.3 тэрбум төгрөг, эмнэлгийн тоног төхөөрөмжид 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дүүргийн болон орон нутгийн төсвөөс нэмэлт санхүүжилт шийдвэрлэн ийнхүү ашиглалтад орууллаа.





