Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан 2026 оны долоодугаар сарын 25-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтэст ажиллаж, замын хөдөлгөөний хяналт, зохицуулалтын үйл ажиллагаа, теле хяналтын нэгдсэн системийн ашиглалт, хиймэл оюун ухаанд суурилсан камерын үйл ажиллагаатай танилцлаа.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх зориулалттай хиймэл оюун ухаанд (AI) суурилсан 2,606 камер 176 уулзвар, гарцад суурилуулан ашиглаж байгаа бөгөөд нэгдсэн хяналтын системд холбогдон ажиллаж байна. Эдгээр камер нь замын хөдөлгөөний нийт 10 төрлийн зөрчлийг автоматаар илрүүлэх хүчин чадалтай.

Мөн нийслэлийн хэмжээнд нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглагдаж буй теле хяналтын системийн нийт 6,377 камер ажиллагаанд байгаа бөгөөд үүнээс 4,113 камер нь нэгдсэн болон дэд төвүүдэд холбогдсон байна.
Жил бүр 50-60 мянган жолооч шинээр хөдөлгөөнд оролцохоор жолооны курс төгсөж өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,7 сая орчим жолооч бүртгэлтэй байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн тоо буурахгүй байгаа учраас ХДЗДХ-ийн сайдын зүгээс Согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон аливаа үйлдэлд маш хатуу хариуцлага тооцуулж, насан туршид нь жолоо барих эрхийг нь хасдаг байх тухай хуулийн төслийг өргөн барина. Дайн самуунгүй, байгалийн аюулт үзэгдлийн давтамж хол амгалан тайван улсын иргэд авто зам дээр мянга мянгаараа нас барж байгаа нь туйлын харамсалтай бөгөөд иргэн бүр хариуцлагатай байж, өдөр тутам хууль, дүрэм журмаа мөрдөж, хүлээцтэй ухамсартай байхыг харуулж буй явдал юм.





