Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний цэргийн инженерийн салбаруудын хамтарсан “Зам-2026” сургалт, дадлагын хоёрдугаар шат Монгол Улсад эхэллээ.
Сургалт, дадлагын нэгдүгээр шатны онолын сургалт Япон Улсад Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн Инженерийн сургуулийг түшиглэн тавдугаар сард нэг сарын хугацаанд болсон бол хоёрдугаар шатны дадлага Монгол Улсад наймдугаар сарын 04-31-ний өдрүүдэд болох юм.
Сургалтын нээлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал, ЗХЖШ-ын АУГ-ын инженерийн ахлах мэргэжилтэн хурандаа У.Буянжаргал болон Зэвсэгт хүчний 014, 311 дүгээр ангийн удирдлага болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Кондо Казүмаса, Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Мурасе Рёосуке, Япон Улсын Батлан хамгаалах яамны мэргэжилтэн Тайчи Хирано нарын албаныхан оролцсон юм.
Хошууч генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ “Зам” сургалт, дадлага 2014 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 2024 оныг хүртэл III шатны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 530 гаруй авто зам, гүүр хоолой, хэмжилтийн инженер техникийн алба хаагчдыг бэлтгэн, ур чадварыг нэмэгдүүлж, өдгөө эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд голлох үүрэгтэй оролцож байгаа нь тус сургалтын бодит үр дүн болохыг онцлон тэмдэглэв.
Энэ жилийн “Зам” сургалт, дадлагын хувьд IV шатны хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж, Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд олон улсын жишиг шаардлагад нийцсэн НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих ажиллагааны цэргийн бааз байгуулах гэж буйг цохон тэмдэглэлээ.
Мөн тэрээр хоёр улсын цэргийн инженерүүдийн хамтарсан “Зам” сургалтыг жил бүр зохион байгуулж явуулахад идэвх зүтгэл гаргаж байгаа Япон Улсын Засгийн газар болон Батлан хамгаалах яам, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны холбогдох бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн юм





