Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улсын Их Хурлын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
Ерөнхий сайд Н.Учрал хуулийн төслийг өргөн барихдаа “Төр өөрсдөөсөө эхэлж бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэж, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгоор төсвийн тодотголыг өргөн мэдүүлж байна” хэмээсэн.
Гэтэл энэ шийдвэр бодит байдал дээр бодитой хэрэгжих эсэх дээр иргэд эргэлзэж байгаа юм. Учир нь төрийн байгууллагуудын үрэлгэн зардал хэрээс хэтэрснийг зарим эх сурвалж дурддаг.

Үүний нэг бол “Монголбанк”. Учир нь хагас тэрбумаас илүү мөнгөөр ширээний болон зөөврийн компьютер худалдан авах тендерийг зарласан явдал юм.
“Эдийн засаг савлагаатай үед бодлого боловсруулагчдад тэвчээр, сахилга бат хамгийн чухал” хэмээн ярьж суусан Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өөрөө тэвчээр, сахилга батгүй байгааг дээрх ганцхан тендерээс харж болохоор.
Угтаа Монголбанк нь өөрөө үлгэрлэн үзүүлэх ёстой байтал Ерөнхий сайд Н.Учралын эсрэг зогсон төсвөөс хагас тэрбум төгрөгийг зарлагадаж 140 ширхэг суурин болон зөөврийн компьютер худалдан авахгүй л бол ажил нь урагшлахгүй байгаа бололтой.





