Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг Монголын Хүүхдийн ордны 68 дахь удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.
Ордон жил бүр 24 төрлийн дугуйланд 4,000 гаруй хүүхдийг хамруулж, хэдэн арван мянган хүүхэд, багачуудад соёл, урлагийн үйлчилгээ үзүүлж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аварга, эрдэмтэн судлаач, урлаг, соёлын зүтгэлтэн, эх орныхоо хөгжлийг түүчээлэх шилдэг иргэдийг бэлтгэдэг үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, дасгалжуулагч болон хүүхэд багачуудад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүсэн ерөөлөө.
Эрдэм боловсрол, оюун ухаан, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, эрүүл чийрэг бие бялдартай, хөдөлмөрч хичээнгүй хүүхэд багачуудыг бэлтгэх цогц орчин бүрдүүлэх нь төрийн бодлогын тэргүүлэх зорилтын нэг байх учиртайг хэллээ.
Хүүхдийн хөгжилд өнөөдрийн зарцуулсан хөрөнгө маргаашийг бүтээдэг хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэж үздэгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын Хүүхдийн ордны дэргэд үндэсний бахархалт амьтан-мазаалайг бэлгэ тэмдгээ болгосон “Мазаалай” спорт цогцолборын бүтээн байгуулалт ид өрнөж байна.
Ирэх жилийн зургаадугаар сар гэхэд ашиглалтад орох энэ цогцолборт спортын 13 төрлийн дугуйлан тогтмол ажиллаж, жил бүр 7,000 гаруй хүүхэд хамрагдана. Мөн 40 гаруй мянган хүүхэд, өсвөр үеийнхэн спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломж бүрдэх юм.
Ерөнхийлөгч цогцолборыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулахыг захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч “Тотал идеал” ХХК-ийн удирдлагуудад захилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүүхдийн ордны шанз хөгжмийн багш Д.Саруулд Гавьяат багш, ахлах нягтлан бодогч М.Байгалмаад Гавьяат эдийн засагч цол хүртээлээ.
Мөн Алтан гадас одонгоор зургийн багш Д.Соёлмаа, драмын дугуйлангийн багш Ө.Нямсүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар бүжгийн багш Б.Сумъяагэрэл, жижүүр Э.Энхдэлгэр нарыг шагналаа.
Өнгөрсөн жил Монголын Хүүхдийн ордны 486 сурагч 28 улсад зохион байгуулсан арга хэмжээнд оролцон, үндэсний өв соёлоо сурталчлан таниулсан байна. Энэ хичээлийн жилээс ахлах ангийн сурагчдад зориулсан IELTS, TOEFL-ийн шалгалтад бэлтгэх хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж, Герман хэлний анги нээжээ.
Цаашид нийслэл, дүүргийн алслагдсан бүсэд амьдарч, суралцаж буй 30 гаруй мянган хүүхдийг урлагийн мастер класс сургалтад хамруулж, урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Манай улс хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, үндэсний урлаг, соёлын өвийг өвлөн тээгч иргэдийг бэлтгэх, урлаг, спортоор дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор 1958 онд Монголын Хүүхдийн ордон байгуулсан түүхтэй.
Өдгөө 100 гаруй багш, ажилтантай, 4,000 гаруй хүүхэд төрөл бүрийн дугуйланд суралцаж байна. Өнгөрсөн хугацаанд 170 гаруй мянган хүүхэд төгсөн гарчээ.






