Намрын улс төр эрт хүйтэрч эхэллээ. Засгийн газар огцруулах тухай яриа улс төрийн халуун зунтай залгаад, эрх баригч намын доторх хүчний харьцааг дахин ил гаргав.
Монголд Засгийн газар хэдэн удаа солигдсон нь иргэдийн амьдралд өөрчлөлт авчирдаггүй. Энэ бүх тэмцэл төрийн төлөөх бодлогын өрсөлдөөн бус, эрх мэдлийн төлөөх бүлэглэлүүдийн ээлжит тулалдаан юм.
Өнгөрсөн хавар Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үйл явц МАН-ын бүлгийг 30, 38 гэсэн хуваагдалд оруулж, эрх баригчдын доторх ан цавыг ил болгосон. Тэр үеийн улс төрийн тоглолтын дараа Н.Учралын Засгийн газар байгуулагдсан ч өнөөдөр түүнтэй төстэй хөдөлгөөн эхлэх оролдлого гарлаа.
Н.Учралын Засгийг унагаах зугаалга нэртэй төрийн хуйвалдаан Булган, Хэнтийд болсон нь нотлогдсон. Амжилт олоогүй шалтгаан нь УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүний бүлэглэл бутарч сарниад эхэлжээ. Нэлээд хэд нь Булган, Хэнтийн уулзалтандаа учирлаж, шалтаглан ирээгүй юм байна. Тэр атугай Номтын намын хэд урилгаар очоод айраг, цагаа эргүүлээд Засаг төрийн ажлын талаар ам ангайгаагүй буцсан байна.
Мөн Д.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үеэс улстөрийн хорт могой гулгуулдаг байсан Гэрэгэ тауверын 15 давхарынхан ч подволдоо орсон сураг байна.
Одоо энэхүү бүлэглэлийг 30-ынх биш, Амарбаясгалан, Амарсайхан тэргүүтний командынхан гэж нэрлэх юм уу даа. Энд ач буяныг нь хариулж барахгүй өрөнд орсон Харвардынхан болон эмэгтэйчүүдийн квотынхон багтдаг гэдгийг мэднэ биз дээ.
Хамгийн анхаарал татаж буй дүр бол С.Амарсайхан. Тэрбээр ажиллаж буй Засгаа унагах гэж хоёр дахь удаагийн оролдлогоо хийж байна. Өмнө нь Занданшатарын Засгийн газрын Шадар сайдаар ажиллаж байхдаа Засгийнхаа эсрэг ажиллаад хөөгдөөд гарч байсан. Одоо бас Н.Учралын Засгийн газраас дахин хөөгдөх нь тодорхой болж байна. Н.Учрал Амарсайханд Хууль зүйн сайдын албан тушаалыг өгсөн нь том алдаа боллоо.
Амарбаясгалангийн талыг баримтлагчдаас Засагт орох хэдэн квот өгсөн. Засгийн газраа тогтвортой байлгахын тулд өөр өөр бүлэглэлд албан тушаал, квот хуваарилах замаар эвлэрэл худалдаж авсан нь Н.Учралын бас нэгэн алдаа байжээ. Харамсалтай нь хэзээний урваач, шарваач С.Амарсайхан тэсч чадахгүй эсрэг ажиллачихлаа. Дээр нь эрх мэдлээ ашиглаж, хувь хүний эрх чөлөөнд халдсан үйлдэл нь баригдсан.
Бас нэг аюултай шинж илэрч байна. Улс төрийн бүлэглэлүүд хэвлэл мэдээллийг өөр өөрийнхөө талд татаж, сэтгүүл зүйг бохирлосоор, нэр хүндийг нь унгасаар байна. Энэ тун харамсам явдал билээ. Ганц үнэн нь Монголын улс төр дахиад л өөрсдийнхөө эрх мэдлийн тойрогт эргэлдсээр байх уу эсвэл задарч зөв замдаа орох уу гэдэг нь одоо л харагдана даа.





