Цахим халдлага гэхээр зөвхөн хэн нэгний нийгмийн сүлжээний хаяг алдагдах, эсвэл банкны данснаас мөнгө залилах төдийгөөр ойлгодог цаг хэдийнэ ард хоцорчээ. Өнөөдөр кибер орон зай нь улс орнуудын геополитикийн өрсөлдөөн, тагнуулын ажиллагаа, эдийн засгийн дарамтын цоо шинэ, хамгийн аюултай фронт болон хувирч, дэлхийн аюулгүй байдлын архитектурыг үндсээр нь өөрчилж байна.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Global Risks Report 2026” тайланд кибер аюулгүй байдлыг ирэх хоёр жилийн дэлхийн хамгийн ноцтой эрсдэлийн 6-рт эрэмбэлсэн байна. Хамгийн анхаарал татсан үзүүлэлт нь судалгаанд оролцсон байгууллагуудын 64 хувь нь төрийн дэмжлэгтэй тагнуул, стратегийн дэд бүтцийг онилсон геополитикийн шалтгаант халдлагыг өөрсдийн эрсдэлийн тооцоонд аль хэдийнэ оруулжээ. Өөрөөр хэлбэл, кибер дайн нь төрийн болон хувийн хэвшлийнхний өдөр тутам нүүр тулж буй бодит аюул болсныг баталж буй хэрэг юм.
Орчин үеийн кибер ажиллагаа нь жижиг хулгай байхаа больж нийгмийн суурь тогтолцоог ганхуулах зорилготой болсон. Халдагчид эрчим хүч, харилцаа холбоо, эрүүл мэнд зэрэг дэд бүтцийн чухал үйлчилгээг зогсоох, байгууллагын мэдээллийг барьцаалж мөнгө нэхэх, улмаар төрийн болон санхүүгийн институцэд итгэх олон нийтийн итгэлийг устгахыг зорьдог. Жишээлбэл, амжилттай болсон нэг л халдлага банкны гүйлгээг гацааж, эмнэлгийн үйлчилгээг зогсоох замаар эдийн засгийн асар их хохирол, эмх замбараагүй байдал үүсгэх чадамжтай байна.
Монгол Улс дэлхийн геополитикийн гол сөргөлдөөнд шууд оролцогч биш ч, дижитал шилжилт эрчимжиж буй энэ үед кибер эрсдэлээс тойрч гарах ямар ч боломжгүй юм. 2024 оны сүүлээр Интермед эмнэлгийн системд гарсан халдлагаар 50 мянган ам.доллар нэхсэн явдал, мөн 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар иргэдэд 12.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь манай улсын дархлаа хэр хэврэг байгааг харууллаа. Ялангуяа иргэдийн эрүүл мэндийн түүх, регистр зэрэг эмзэг мэдээллийг онилж байгаа нь мэдээллийн технологийн асуудал гэхээсээ илүү иргэний аюулгүй байдлын ноцтой эрсдэл юм.
Цахим хамаарал гүнзгийрэхийн хэрээр кибер орон зайд том, жижиг улс гэсэн газарзүйн ялгаа үгүй болж, харин “бэлтгэлтэй” болон “бэлтгэлгүй” гэсэн хоёр л хуваагдал бий болж байна. Хүн ам цөөтэй, мэргэшсэн хүний нөөц хязгаарлагдмал манай улсын хувьд мэдээллийн аюулгүй байдлаа хангаж чадахгүй байх нь эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах, иргэдийнхээ өгөгдлийг гадаадын гэмт бүлэглэлүүдийн гарт өгөх маш том эрсдэл рүү хөтлөх аюултай.
Эцсийн дүндээ, ямар ч улс орон, байгууллага кибер халдлагыг 100 хувь бүрэн зогсоох боломжгүй. Харин халдлага болох үед хэр хурдан илрүүлж, хохирлыг бага түвшинд хязгаарлан, үйл ажиллагаагаа буцаан сэргээж чадаж байна вэ гэдгээр үндэсний аюулгүй байдлын бодит чадавх хэмжигдэнэ. Дараагийн томоохон халдлага болох эсэх нь цаг хугацааны л асуудал, харин бид үүнд бэлэн үү?




