Нүүр хуудасМэдээАЮУЛГҮЙ БАЙДАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦОО: Дэлхийн "Зөөлөн хүч"-ийн индекс 2026 ба Монгол улс

АЮУЛГҮЙ БАЙДАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦОО: Дэлхийн “Зөөлөн хүч”-ийн индекс 2026 ба Монгол улс

Олон улсын харилцаанд цэрэг зэвсэг, эдийн засгийн хоригоос илүүтэйгээр “соёлын нөлөө”, “итгэлцэл” болон “үнэ цэн”-ээрээ бусдыг татах чадвар буюу “Зөөлөн хүч” (Soft Power) хамгийн хүчтэй зэвсэг болон хувирч байна. Дэлхийн брэнд үнэлгээний тэргүүлэгч “Brand Finance” байгууллагаас гаргасан “Global Soft Power Index 2026” тайланд дурдсанаар, АНУ тэргүүлэх байр сууриа хадгалж байгаа ч нөлөө нь буурч, БНХАУ-ын зөөлөн хүч эрчтэй нэмэгдэж байгаа нь олон улсын дэг журамд томоохон өөрчлөлт гарч буйг илтгэв. Энэхүү өрсөлдөөнд Монгол Улс өөрийн байр сууриа бататгахыг хичээж буйг энэ удаагийн индексээс харж болох юм.

Өнөөдөр “Зөөлөн хүч” бол зөвхөн дипломат яриа биш, харин тухайн улсын эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт татах чадвар, аялал жуулчлалын үзүүлэлтийг шууд тодорхойлогч хүчин зүйл болжээ. Улс орнуудыг танигдсан байдал (Familiarity), нэр хүнд (Reputation), болон нөлөөлөл (Influence) гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр үнэлдэг тус индекс нь дэлхийн 193 улсыг хамарсан хамгийн том судалгаа юм. Даяаршсан ертөнцөд улс орны дүр төрх, үнэ цэн хэрхэн хүрч байгаагаас хамаарч тухайн үндэстний ирээдүйн хөгжлийн боломжууд ч нээгддэг.

Шинэ чансааг харвал, АНУ 74.9 оноотойгоор жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа ч дотоод болон гадаад бодлогын зарим алхмууд нь түүний зөөлөн хүчийг сулруулах болсон байна. Харин БНХАУ (73.5 оноо) маш бага зөрүүтэйгээр хоёрдугаар байрт бичигдэж, Япон, Их Британи, Герман улсууд айргийн тавд багтжээ. Монгол Улсын хувьд энэ жилийн жагсаалтад 105-р байрт (33.2 оноо) эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн жилийн 108-р байраас бага зэрэг ахисан үзүүлэлт юм. Энэ нь манай улсын олон улсад танигдсан байдал болон эерэг дүр төрх алгуур боловч тогтвортой өсөж байгааг харуулж байна.

Зөөлөн хүчний нөлөө нь зөвхөн жагсаалтын байраар хязгаарлагдахгүй бөгөөд нийгэм, эдийн засгийн өргөн цар хүрээтэй нөлөө үзүүлдэг. Тухайлбал, улс орны тогтвортой байдал, соёлын өв, технологийн дэвшил зэрэг нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах гол хөшүүрэг болдог. Арабын Нэгдсэн Эмират (10-р байр) болон Саудын Араб (17-р байр) зэрэг орнууд зөөлөн хүчиндээ асар их хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгаа солонгоруулах стратегиа амжилттай хэрэгжүүлж байна. Харин Монгол шиг далайд гарцгүй, хоёр том гүрний дунд оршдог улсын хувьд зөөлөн хүч нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын “оюун санааны хамгаалалт” болох учиртай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН