Нүүр хуудасМэдээАЮУЛГҮЙ БАЙДАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦОО: Дэлхий даяар "Гео эдийн засгийн дайн"-д бэлтгэж байна

АЮУЛГҮЙ БАЙДАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦОО: Дэлхий даяар “Гео эдийн засгийн дайн”-д бэлтгэж байна

Дэлхийн эдийн засгийн форумын Global Risks Report 2026 тайлангаар ойрын хоёр жилд дэлхий нийтэд хамгийн хүчтэй нөлөөлөх эрсдэлээр гео-эдийн засгийн сөргөлдөөн тодорчээ. Энэ нь улс орнууд худалдаа, хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийн сүлжээ болон стратегийн түүхий эдийн хангамжийг улс төр, аюулгүй байдлын хэрэгсэл болгон ашиглах эрсдэл нэмэгдэж байгааг харуулж байна.

Тус тайланг дэлхийн 1,300 гаруй шинжээч, удирдагчдын санал асуулгад үндэслэн боловсруулсан бөгөөд 2026 он, ойрын 2 жил болон ирэх 10 жилийн эрсдэлийн төлөвийг харьцуулан үнэлжээ.

Ойрын хоёр жилд эрсдэлийн жагсаалтад гео-эдийн засгийн сөргөлдөөний араас дараах асуудлууд багтсан байна:

• Хуурамч болон төөрөгдүүлсэн мэдээлэл

• Нийгмийн туйлшрал

• Цаг агаарын онц ноцтой үзэгдэл

• Улс хоорондын зэвсэгт мөргөлдөөн

Мөн кибер аюулгүй байдал, тэгш бус байдал, хүний эрх болон иргэний эрх чөлөөний доройтол, бохирдол, албадан шилжилт хөдөлгөөн эхний 10 эрсдэлд оржээ.

Харин ирэх 10 жил буюу урт хугацааны төлөвд байгаль орчны эрсдэлүүд давамгайлж байна. Тодруулбал, цаг агаарын онц ноцтой үзэгдэл, биологийн олон янз байдлын алдагдал, дэлхийн экосистемийн ноцтой өөрчлөлт эхний гурван байрт эрэмбэлэгджээ. Энэ нь богино хугацаанд улс төр, эдийн засаг, мэдээллийн орчны хямрал давамгайлж байгаа ч урт хугацаанд уур амьсгал, байгаль орчны доройтол дэлхийн хамгийн ноцтой сорилт хэвээр байхыг харуулж байна.

Тайланд онцолсноор хиймэл оюун ухаантай (AI) холбоотой эрсдэл мөн огцом нэмэгдэж байна. 30 дугаарт байсан AI технологийн сөрөг үр дагавар огцом урагшилж 6 дугаарт бичигдээд байгаа бөгөөд урт хугацаандаа ч энэ эрсдэл буурахгүй гэдгийг тус тайлангаас харж болохоор байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл, нийгмийн тогтвортой байдал, мэдээллийн үнэн зөв байдал болон аюулгүй байдлын салбарт AI-ийн нөлөө улам бүр нэмэгдэж байгаатай холбоотой гэж тайлбарлажээ.

Дэлхийн эдийн засгийн форумын дүгнэлтээр олон улсын хамтын ажиллагаа суларч, их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсч буй энэ үед улс орнуудын өмнө зөвхөн богино хугацааны хямралыг даван туулах бус, уур амьсгал, технологи, нийгмийн тогтвортой байдал зэрэг эрсдэлүүдэд бэлтгэх шаардлага тулгарч байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН