Европын Холбооны Эрасмус хөтөлбөрийн Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх төслүүдийн нэгдсэн уулзалт Боловсролын яаманд зохион байгуулагдлаа. Уулзалтаар Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн үр дүн, хэрэгжилтийн туршлага, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, их сургуулиуд болон төслүүдийн хамтын ажиллагааг уялдуулах боломжийн талаар санал солилцов.
Уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчёлионитэ, Европын боловсрол, соёлын гүйцэтгэх агентлагийн /EACEA/ төлөөлөл, их сургуулиудын удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, төслийн багууд оролцлоо.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан уулзалтыг нээж олон улсын эрдэм шинжилгээ, сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, их сургуулиудын шинэчлэлийг дэмжих, дээд боловсролын чанарыг сайжруулахад Эрасмус хөтөлбөрийн оруулж буй хувь нэмрийг онцоллоо.
Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын салбарт баримталж байгаа чанар, үр өгөөж, хүртээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хөдөлмөрийн зах зээл болон улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцсэн мэдлэг, ур чадвар, зөв хандлагатай хүний нөөц бэлтгэх, судалгаа-инноваци-үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх, өгөгдөл, дижитал технологи, хиймэл оюунд суурилсан дээд боловсролын тогтолцоонд шилжих, олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогод Европын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа билээ.
Дээрх хөтөлбөрийн 2021–2027 оны мөчлөгийн хүрээнд Монголын их сургуулиуд Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх 11 төсөлд нийт 46 удаагийн байгууллагын оролцоотойгоор хамрагдаж байгаагаас хоёр төслийг Монголын байгууллагууд удирдан хэрэгжүүлж байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд их сургуулиудын 128 удаагийн оролцоо бүртгэгдэж, Эрасмус Мундусын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт 30 суралцагч хамрагдан, Монгол болон Европын их сургуулиудын хооронд 450 гаруй академик солилцоо хэрэгжсэн.
Уулзалтаар дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх төслийн удирдлага, Эрасмус хөтөлбөрийн үндэсний холбоо барих ажилтны үйл ажиллагаа болон Монгол Улсад чиглэсэн төслүүдийн талаар танилцууллаа. Мөн төслийн хэрэгжилтэд тулгарч буй сорилт, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийн талаар хэлэлцэж, COMP-LAW, 3L4MOHS, MONT-AE, NUTRIHubs4NCDs төслийн багууд туршлагаа хуваалцсан юм.
Ногоон шилжилтийн чиглэлээр SA2CC, RETEACH, DOMANI, GREENFUTURE, цахим шилжилтийн чиглэлээр DIGITAL MOVE, MONEUL, GreenTech Horizons төслүүдийг танилцуулж, төслүүд болон бүс нутгийн бусад санаачилгын уялдаа холбоог нэмэгдүүлэх боломжийг хэлэлцлээ.





