Нүүр хуудасМэдээЭМЯ: Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Филиппин улсын эрүүл мэндийн нарийн бичгийн дарга...

ЭМЯ: Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Филиппин улсын эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Эдвин Меркадотой уулзлаа

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Филиппин Улсын Эрүүл мэндийн Нарийн бичгийн дарга Эдвин Меркадотой Манила хотноо хоёр талын уулзалт хийж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэр дундаа анагаахын боловсрол, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн бэлтгэх, эрүүл мэндийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсад нэн шаардлагатай нарийн мэргэшлийн хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлын хүрээнд санал солилцов.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хоёр улс дипломат харилцаа тогтоосны 53 жил тохиож байгааг онцолж, хоёр талаас тохиролцоод буй Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг 2027 онд байгуулснаар хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, эрүүл мэндийн салбарт бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагаа болохыг онцлон тэмдэглэв.

Бүгд Найрамдах Филиппин Улсын Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Эдвин Меркадо Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, ялангуяа анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилт, уламжлалт анагаах ухаан болон цахим эрүүл мэнд зэрэг чиглэлээр туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтран ажиллах бололцоотой чиглэлүүдийн талаар харилцан санал солилцож, зарим тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцов.

Уулзалталд Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхтайван байлцав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН