Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Э.Батшугар бүс нутгийн эрүүл мэндийн зорилтыг бодит үр дүнд хүргэх, улс орнуудын хэрэгцээнд нийцсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар байр сууриа илэрхийллээ.
Сүрьеэтэй тэмцэх нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэлийн нэг хэвээр байна. ДЭМБ-ын тайланд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээнд хамрагдалтын үзүүлэлтийг 18 хувь гэж дурдсан нь өвчнийг эрт илрүүлэх, оношлогдсон иргэдийг эмчилгээнд шуурхай хамруулах, эмчилгээг бүрэн дуусгах хүртэлх тусламж, үйлчилгээг бэхжүүлэх шаардлагатайг харуулж байна.
Монгол Улсын мобайл эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц сумын эрүүл мэндийн төвүүдийн 98 хувийг хамарч, 1,800 гаруй багийн бага эмчийн үйл ажиллагаанд ашиглагдаж байна. Энэ нь алслагдсан орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Сайд Э.Батшугар халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, зоонозын халдварын эрсдэлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Түүнчлэн ДЭМБ-аас гишүүн улс орнуудад үзүүлэх дэмжлэгийг тухайн улсын хэрэгцээ, үндэсний тэргүүлэх чиглэл, хүрэхээр зорьж буй бодит үр дүнтэй уялдуулахыг уриалж, мэргэжил, арга зүйн дэмжлэг болон техникийн хамтын ажиллагааг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:
“Монгол Улс бүс нутгийн хэмжээнд гарсан ахиц дэвшлийг улс орнуудын түвшинд хүрч буй бодит үр дүн, иргэдийн эрүүл мэндэд үзүүлж буй эерэг өөрчлөлтөөр үнэлэх нь чухал гэж үзэж байна.
Иймд оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд ДЭМБ болон гишүүн улс орнууд хамтын хүчин чармайлтаа нэгтгэж, эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлэн, хүн амын эрүүл мэндийг бодитоор сайжруулахын төлөө хамтран ажиллахыг уриалж байна гэв.





