Монгол Улсад шинээр байгуулагдаж буй Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтийн арга хэмжээ Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн байранд 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр боллоо.
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх бөгөөд гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны нэхэмжлэлийг хүлээж авна.
Тус шүүх нь гэр бүл, хүүхэд, насанд хүрээгүй хүний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн мэргэшсэн тогтолцоог бүрдүүлэх замаар хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, төрөөс баримтлах гэр бүл, хүүхэд хамгааллын бодлогыг үр ашигтай, бодитой хэрэгжүүлэхэд оршино.
Нээлтийн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, гишүүн Г.Уянгахишиг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Канад Улсын Элчин сайдын яамны төлөөлөл, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын Ерөнхий захирал Жан Бийгл болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээг нээж Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт: Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх бол гэр бүлийн маргааныг зөвхөн хууль зүйн асуудал гэж үзэх бус, маргааныг шийдвэрлэхээс гадна зөрчлийн шалтгааныг ойлгож, талуудын хариуцлагыг ухамсарлуулах, хүүхдийн эрх ашигт нийцсэн тогтвортой шийдэлд хүрэхийг зорих, хүний амьдрал, гэр бүлийн харилцаа, хүүхдийн эрх ашигтай холбон авч үздэгээрээ онцлог билээ. Therapeutic justice гэх хууль зүй, сэтгэл судлал, социологийн салбар дундын харилцааг илэрхийлсэн ойлголт нь “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх – ялладаг, цээрлүүлдэг бус, асуудлыг эдгээн шийдвэрлэдэг, анагаадаг шүүх байх учиртай” гэж үздэг. Үүний дагуу эдгээх шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх, тогтооход та бүхний оролцоо хамгаас чухал.

УИХ-ын дарга С.Бямбацогт: Гэр бүлийн маргааны цаана хүний амьдрал, итгэл найдвар, эцэг эхийн хариуцлага, хүүхдийн ирээдүй яригддаг. Тиймээс эрхэм шүүгчид, шүүхийн ажилтнууд та бүхнээс хууль, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвараас гадна хүнийг ойлгох ухаан, хүнлэг хандлага, өндөр ёс зүй ихээхэн шаардагдана. Ялангуяа насанд хүрэгчдийн маргааны ард хүүхдийн эрх бүдгэрч, дуу хоолой дарагддаг гэдгийг мартаж болохгүй.

УИХ-ын гишүүн Ж. Баясгалан: Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн үүдээр ороход тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан шат байгаа нь шүүхийн хүртээмжийг нэг илрэл юм . Яг үүн шиг шүүхийн үйлчилгээг авахад тусгай хэрэгцээт иргэдэд эрх тэгш, хүртээмжтэй байгаасай гэж хүсэж байна.

Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын Ерөнхий захирал Жан Бийгл: Монгол Улсын шүүхийн тогтолцоон дахь гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд маш том дэвшил боллоо гэж харж байна. Манай байгууллагын зүгээс Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагуудтай олон жилийн хамтын ажиллагаатай ирсэн бөгөөд өнөөдрийн шинэ шүүхийн үйл ажиллагааг нээж байгаа нь бодит үр дүнгийн илрэл юм. Шинэ шүүх байгуулагдахын хэрээр бидний ажил үүрэг ч улам хариуцлагатай болно. Нийгэм даяараа гэр бүл, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалахад анхаарч ажиллах чухал ач холбогдолтой. Тиймээс шүүгч, шүүхийн ажилтнуудыг мэргэшүүлэх зэрэг хамтын ажиллагааг цогцоор нь дэмжиж ажиллахад нээлттэй байх болно. Шүүх эрх мэдлийн тогтолцоог иргэдэд улам ойртуулж байгаад талархаж байна.
Шинээр байгуулагдаж буй Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд Хүүхэд, гэр бүлийн хэлтэс байгуулж, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах болон сэтгэл зүйч ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна. Ингэснээр хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ гэр бүлийн нөхцөл байдлыг нарийвчлан судлах, мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт гаргуулах, хүүхдийн эрх, сэтгэл зүйн байдал, дээд ашиг сонирхлыг харгалзан үзэх боломж нэмэгдэнэ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхэд 12 шүүгч, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 5 шүүгчийг тус тус томилоод байна.

Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь”-II шат (2025-2030), Европын Холбооны санхүүжилттэй “Шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024-2026) төслийн хүрээнд шинэ шүүхийн байранд шаардлагатай тоног, төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн”-ийг бэлтгэх анхан шатны сургалтыг хамтран зохион байгуулаад байна. Мөн Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төсөлтэй хамтран “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн”-ийг бэлтгэх хоёр дахь шатны сургалт, “Эвлэрүүлэн зуучлалын сургагч багш бэлтгэх” сургалтыг тус тус зохион байгуулав.

Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилд Гэр бүлийн тухай хуулиар нийт 11,689 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Энэ нь гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг мэргэшсэн хүний нөөцийн оролцоотойгоор шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага байгааг харуулж байна.





