Нүүр хуудасМэдээНИТХ: Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн...

НИТХ: Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.04/ болж, авто зам ашигласны төлбөр, хотын албан татварын хувь хэмжээ, зээллэгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ болон нийслэлийн өмчийн барилга байгууламжтай холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд, авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг Нийслэлийн Засаг даргын Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр танилцуулав. Тодруулбал, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаатай уялдуулан дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцохоор санал болгожээ. Төлөөлөгч Б.Золтуяа авто замын төлбөртэй холбоотой шийдвэр гаргахдаа сүүлийн таван жилийн өрийн барагдуулалт, үлдэгдэл болон холбогдох тооцоо, судалгааг нарийвчлан гаргах шаардлагатайг онцолсон юм.

Үргэлжлүүлэн хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат танилцуулав. Тогтоолын төслөөр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг одоогийн хоёр хувиас нэг хувь болгон бууруулж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн “Нийслэл хотын албан татвар” гэсэн нэршлийг “Хотын албан татвар” болгон өөрчлөхөөр төлөвлөсөн байна.

НИТХ-ын төлөөлөгч Г.Батбаяр татварын хувь хэмжээг бууруулснаар аж ахуйн нэгж, эцсийн хэрэглэгчдэд бий болох үр өгөөж, үйлчилгээний үнэ тариф буурах эсэхийг тодруулж, шийдвэрийн хэрэгжилт, үр дүнг улирал тутам тайлагнах шаардлагатайг хэллээ. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, татварын ачааллыг бууруулах нь иргэдийн үйлчилгээний төлбөрт эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжинэ гэв. Харин төлөөлөгч Б.Золтуяа саналыг дэмжиж байгаа ч нийслэлийн төсвийн суурь орлогод үзүүлэх нөлөөллийг нарийвчлан тооцож, суурь судалгаа, үр дүнгийн үнэлгээг бодитой боловсруулах хэрэгтэйг анхааруулав.

Мөн зээллэгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар танилцуулсан. Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны аж үйлдвэрийн бүсэд арьс ширний 28, ноосны гурван үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийг нүүлгэн шилжүүлэх хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг байгуулж байна. Одоогоор тус парк руу нүүхээр 17 үйлдвэр хүсэлт өгчээ.

Төлөөлөгч Г.Батбаяр төслийн дулаан, цахилгаан хангамжийн хүчин чадал, цаашдын хэрэгцээ болон ойр орчмын бусад төсөлтэй уялдуулах боломжийг тодруулсан бөгөөд төслийн ерөнхий инженер технологийн уурыг 24 МВт-ын хүчин чадлаар үйлдвэрлэхээр төлөвлөснийг мэдээлэв.

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал З.Батырбек зээллэгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх дэд бүтцийн хоёр багц төслийг танилцуулсан. Үүнд, есөн байршилд нийт 95.5 км үерийн хамгаалалтын байгууламж барих, бохир усны 40 км шугам хоолойг шуудуу ухахгүй технологиор доторлож шинэчлэх ажил багтаж байна. Төлөөлөгч Г.Батбаяр үерийн эрсдэл үүссэний дараа бус, урьдчилан сэргийлэх зарчмаар ажиллах шаардлагатайг онцолж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, Партизан, Рашаант орчмыг үерийн хамгаалалтын төсөлд хамруулах боломжийг судлах санал гаргалаа.

 “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн захирал Б.Мөнхбаатар төслийн хүрээнд эрх олгох тухай тогтоолын төслийг танилцуулав. Төсөл нь борлуулалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ үеэр төлөөлөгчид ахмад настан, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг, эх зэрэг иргэдийг хамруулах шалгуур, нөхцөлийг нарийвчлан тодорхойлж, дүүрэг бүрд нэгдсэн журмаар хэрэгжүүлэх шаардлагатайг сануулав.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн өмчийн барилга байгууламжийг акталж, өмчийн бүртгэлээс хасах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.

Хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг олонхын саналаар дэмжиж, НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН