Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.05/ болж, НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлаар мэдээлэл өгсөн юм. Төсвийн тодотголд, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, өвөлжилтийн бэлтгэл ажил, шатахууны үнийн өсөлттэй холбоотой зардал болон хэрэгжилт нь хангагдсан ч санхүүжилт дутуу зарим ажлын төсвийг тусгасан байна. Мөн энэ онд эхлүүлж, дуусгах шаардлагатай төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, төсвийн зардлыг хэмнэхэд чиглэж байгааг онцоллоо. Түүнчлэн авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтыг 2027 оны төсөвт тусгах, хотын албан татварын хувь хэмжээг бууруулах, Багануурын нүүрс-химийн үйлдвэр болон “Сэлбэ 20 минутын хот” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр төлөвлөж буйг мэдээлэв.

Нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат танилцуулж, эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн орлого, урсгал зардал болон алдагдлын талаар мэдээлэл хийв. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгч Б.Хуягбаатар Сонгинохайрхан дүүрэгт барилгын ажил нь 80-90 хувийн гүйцэтгэлтэй ч олон жилийн турш ашиглалтад ороогүй сургууль, цэцэрлэгийн барилгыг дуусгахад онцгой анхаарахыг, төлөөлөгч Б.Ану-Үжин “Өргөө” амаржих газрын эрчимт эмчилгээний тасгийн засварын ажлыг төсөвт тусгах эсэхийг тодрууллаа.
Мөн Хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат танилцуулав. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, амралтын газар, ресторан, баар, автомашин угаалга болон авто үйлчилгээний зургаан төрлийн үйлчилгээнд ногдуулах татварыг 2 хувиас 1 хувь болгон бууруулж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төлөөлөгч Э.Одонтуяа татвар буурснаар хэрэглэгчдэд бодит үр өгөөж өгч байна уу, автомашин угаалгын газрууд саарал ус ашигладаг эсэхэд хэрхэн хяналт тавихыг тодруулав. Бүлгийн дарга Ж.Сандагсүрэн татвар буурснаар иргэдийн халааснаас гарах зардал хэмнэгдэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа дэмжигдэх учиртайг онцолж, саарал усны хэрэглээнд хяналт тавих хэрэгтэйг санууллаа.
Үргэлжлүүлэн НИТХ-ын 2024 оны 24/29 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар Нийслэлийн Засаг даргын Замын хөгжлийн төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Л.Хосбаяр танилцуулсан юм. Тогтоолын төсөлд, долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан өдрийн тоотой хувь тэнцүүлэн дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцох зохицуулалтыг тусгажээ. Мөн COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор хэрэгжүүлсэн тэгш, сондгой дугаарын түр хязгаарлалтын улмаас автомашинаа 14 хоног ашиглах боломжгүй болсон хугацааг хөнгөлөлтийн тооцоонд хамруулахаар санал боловсруулсан гэв.
Түүнчлэн зээллэгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар төслийн явц, санхүүжилтийн хэрэгцээ шаардлагын талаар танилцуулав. Төслийн хүрээнд Дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд цаашид дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлэхэд санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатайг хэлэв. Мөн “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал З.Батырбек зээллэгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийн талаар танилцуулсан юм. Энэ үеэр төслийн нэр томьёо, байршил, гадаргын болон үерийн ус, хөрсний усны зохицуулалт, инженерийн шийдлийг мэргэжлийн түвшинд нарийвчлан боловсруулж, ойлгомжтой танилцуулахыг төлөөлөгчид санууллаа.

Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн зориулалтаар газар ашиглуулах тухай асуудлыг “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ-ын дарга А.Бямбадорж танилцуулж, төслийн нийт хэрэгжилт 46, барилга угсралтын ажил 37 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдээлэв. Төслийн газрын эрхийг шилжүүлэх, холбогдох бүртгэлд бүртгүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг дурдлаа.
Харин “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Ч.Батзориг танилцуулж, төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэн, бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот болон 21 аймагт нийлүүлэх зорилготой гэв. “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, ирэх онд орон сууцны борлуулалтыг эхлүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шуурхай шийдвэрлэх хэрэгцээ байгааг танилцуулав.
Ийнхүү НИТХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар нийт 17 асуудлыг хэлэлцэж, ирэх долоо хоногийн даваа гарагт хуралдах НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцүүлэхийг олонхийн саналаар дэмжлээ.





