Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдааны II хэлэлцүүлэг өнөөдөр /2026.11.13/ болж, Нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэх тухай, Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай, Барилга байгууламж балансаас баланст шилжүүлэх тухай асуудлыг тус тус хэлэлцэн дэмжлээ.

“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” түншлэлийн төслийн гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
НИТХ-ын ээлжит IX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр “Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төр хувийн хэвшлийн түншлэлийн төслийн гэрээ байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын дүгнэлтийг хэлэлцэж, “Тяньжинь Жунчан Барилга инженеринг” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
Төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат танилцуулсан юм. Тус төсөл нь 2026-2029 онд гурван багц ажлын хүрээнд хэрэгжих бөгөөд эхний үе шатанд 58 МВт-ын хүчин чадалтай хийн дулааны станц, 2000 шоо метр шингэрүүлсэн байгалийн хий хүлээн авах, буулгах, хадгалах, дахин хийн төлөвт хувиргах байгууламж, 12 км хий дамжуулах шугам барихаар төлөвлөжээ. Харин хоёрдугаар үе шатанд дулааны станцын хүчин чадлыг 93 МВт-аас доошгүй хэмжээнд хүргэж өргөтгөх юм.
Төслийн ТЭЗҮ-г 2020 оноос боловсруулсан бөгөөд холбогдох яамны санал, урьдчилсан үнэлгээг авч, байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хоёр удаа хийжээ. Нийт 207 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатайгаас нийслэл 75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үлдэх хэсгийг хувийн хэвшил бүрэн хариуцах юм. Төсөл хэрэгжсэнээр 35 мянган өрхийг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэх бөгөөд нүүрсний хэрэглээг бууруулж, үнс, шаар зэрэг хатуу хог хаягдал үүсгэхгүй байх давуу талтайг танилцуулгад онцоллоо.
Төслийн байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хэрэгжилтийн хугацаа, түлшний эх үүсвэр, тээвэрлэлтийн маршрут болон аюулгүй байдлын асуудлаар төлөөлөгчид тодруулга авч, санал хэлэв.
Тухайлбал, төлөөлөгч Б.Мягмар төслийн байршил нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн туссан, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдсэн эсэх, төслийн судалгааг хэдий үеэс эхлүүлсэн талаар тодрууллаа. Үүнд, төслийн байршил хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд нарийвчилсан төлөвлөгөөг 2027 онд боловсруулахаар төлөвлөсөн тухай холбогдох албаныхан хариулсан юм. Мөн ТЭЗҮ-г 2020 оноос боловсруулж, байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хоёр удаа хийсэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын Эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Ч.Батзориг мэдээлэв.
Төлөөлөгч Т.Батцогт төслийн бүтээн байгуулалт, ашиглалтад орох хугацаа, хэрэглэгчдийн тоо, хийн түлшний эх үүсвэр болон холбогдох стандарт, зохицуулалтыг тодруулсан бол төлөөлөгч С.Даваасүрэн түлш тээвэрлэх маршрут, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар асуулт тавилаа. Төслийн зохицуулагчийн мэдээлснээр, хийн түлшийг 17 тоннын багтаамжтай танк контейнерт тээвэрлэхээр төлөвлөж, тээвэрлэлтийн маршрутыг сонгох судалгааг хоёр жилийн хугацаанд хийж, олон улсын мэргэжилтнүүдийг ажиллуулжээ.
Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид төслийн эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтын нөхцөл, цаашид үүсэж болзошгүй татаас болон үнийн өсөлтийн эрсдэлийг нарийвчлан тооцох шаардлагатайг онцоллоо. Мөн байгалийн хий дамжуулах шугам хотын суурьшлын бүсээр дамжихтай холбоотойгоор иргэдэд мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, ойр орчмын оршин суугчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах, тээвэрлэлтийн маршрут, цагийн хуваарь болон аюулгүй ажиллагааны шаардлагыг гэрээнд тодорхой тусгах санал гаргав.
Төлөөлөгчид анх удаа хэрэгжих гэж буй дэд бүтцийн томоохон төслийн хувьд хийн түлшний үнэ, нийлүүлэлт, тээвэрлэлтийн эрсдэл, аюулгүй ажиллагааны зохицуулалтыг урьдчилан нарийвчлан тооцох, эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор судалгаа хийх, иргэдийн нийгмийн сэтгэл зүй, хүлээн авах байдлыг судлах нь чухал гэдэгт санал нэгдлээ.
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт орууллаа
Мөн Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай, Нийслэлийн төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан тогтоолын төслийг бүхэлд нь хэлэлцэн баталлаа.






