Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.11.17/-ийн хуралдааны эхэнд Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
Мөн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэв.
Улсын хэмжээнд 2021-2025 онд 2678 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 308 хүн амь насаа алджээ. Эдгээр осол гэмтлүүд уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэл, барилга, тээвэр болон агуулахын үйл ажиллагааны салбаруудад зонхилж байна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, нас барсан даатгуулагчийн гэр бүлд олгох тэтгэмж зэрэгт энэ онд нийт 78.8 тэрбум төгрөг зарцуулахаар баталснаас 10 дугаар сарын байдлаар 44.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарчээ. Мөн энэ оны 10 дугаар сарын байдлаар ажлаас чөлөөлөгдсөн 37.7 мянган иргэнд 223 тэрбум төгрөгийн тэтгэмжийг олгоод байна гэв.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаас боловсролын салбарын шинэчлэлийн талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэв.
Салбарын сайд “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ачаалал нь хэтэрсэн сургуульд суралцдаг 60 мянган хүүхдийн суралцах орчин сайжирсан. Мөн “Хотхоны бага сургууль” зорилтын хүрээнд 9 дүгээр сарын 1-ний дотор 21 жишиг бага сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж, 1-2 дугаар ангийн 243 бүлгийн 8637 сурагч хамрагдсан. 3 ээлжээр хичээллэдэг байдлыг халахаар зорьж, нийслэлийн 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг 80 хувиар бууруулаад байна” гэх зэрэг мэдээллийг өгсөн юм. Асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.






